Онцгой байдлын ерөнхий газраас үерийн нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, "Улаанбаатар хотод долдугаар сарын эхэнд орсон борооны улмаас Сэлбэ голын усны түвшин эрс нэмэгдсэнээс далан сэтэрч нийслэлийн 26 хорооны 331.6 мянган өрхийн 121.1 мянган иргэн үерт өртсөн. Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт үерт өртсөн 243 өрхийн 743 иргэнийг аюулгүй байршилд нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авсан.
Үерийн ус даланг давсантай холбоотойгоор даланг хүчитгэх, аюулгүй болгох чиглэлээр нийт 80 мянга орчим шуудай, 900м.куб элс шороо байрлуулахаар 300 орчим машин механизм ажиллаа.
Өнгөрсөн хугацаанд үер усны ослоор хүний амь нас эрсдээгүй. Гэтэл аялал зугаалгаар явж байх хугацаанд усанд осолдох тохиолдол эрс нэмэгдэж байна. Зөвхөн баяр наадмын өдрүүдэд есөн хүн осолдлоо.
Одоогийн байдлаар дөрвөн цэгт зургаан хүний цогцсыг эрэн хайх арга хэмжээг зохион байгуулж байгаа. Голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинд хүрсэн, голын усны өнгө булингартсан, лаг шавартай байгаа учраас эрлийн ажлыг зохион байгуулахад хүндрэлтэй байна. Бид өнөөдөр Баянзүрх дүүрэг, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум, Булган аймгийн Могод сум, Дорнод аймгийн Баян-Уул суманд эрлийн ажлыг зохион байгуулж байгаа. Нас барсан хүмүүс дунд бага насны хүүхэд байгаа. Хоёр хүүхэд нас барсан. Шалтгааныг бид судалж байна. Ер нь, санамсар болгоомжгүйгээс, согтууруулах ундаа хэрэглэсэн, морь унаж гол гатлах гэснээс болж усны осолд өртөж байна" гэлээ.
ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, "Баяр наадмын өдрүүдэд 11 аймгийн 22 сумд 37 удаагийн үер усны дуудлага ирсэн. Үер устай холбоотой ослоор нийт есөн хүн амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарлаа. Өнөөдрийн байдлаар гурван аймгийн дөрвөн суманд таван хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Төмөр замын хувьд Говьсүмбэр аймгийн Баянтал сум, Төв аймгийн Баян сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээр дамжиж өнгөрдөг төмөр замын үерийн далан усанд урсаж, төмөр замд эвдрэл гэмтэл гарсныг УБТЗ-аас шуурхай засварлаж хэвийн горимд шилжүүлээд байна. Мөн өнгөрсөн хугацаанд Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Говьсүмбэр аймгуудад олон тооны мал үерийн усанд урссан.
Онцгой байдлын газарт ирсэн тоон мэдээллээр өнөөдрийн байдлаар 2300 гаруй бог мал усанд хорогджээ.
Урсаж хорогдсон малын сэг зэмийг олж цуглуулах устгах ажлыг хийж байна" гэсэн юм.
Иймээс иргэд нийтийг амарч, аялж байх хугацаандаа үер улсны аюулаас болгоомжилж, бага насны хүүхдээс хараа хяналтаа салгахгүй байхыг зөвлөж байна.
ҮЗЭХ: