Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон эдийн засгийн өсөлтийг хангах зорилт тавиад байгаа юм.
Салбар яамны зүгээс 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан. Он гарсаар 290 мянга гаруй жуулчин хүлээн авсан бөгөөд өчигдөр буюу долдугаар сарын 18-ны өдөр 2950 жуулчин Монгол улсыг зорин ирснээс Солонгосчууд дийлэнх хувийг эзэлж байна.
Солонгос жуулчид Монголыг "Дэлхийн жижигрүүлсэн хувилбар" хэмээн нэрлэж байгаа гэнэ.
Учир нь Швейцарийн Альпийн нурууг харж буй мэт гайхамшигт цаст уулс, Египетийг санагдуулам элсэн цөл, Хятадын Шаолины сүм, Газар дундын тэнгисийн наран шарлагын газар, Аляска, Шинэ Зеландийг санагдуулам байгалийн үзэсгэлэнт газар олонтой тул ийн нэрлэх болжээ.