ВИДЕО: Наадмын нээлтэд бүжиглэхээр 20 гаруй хоног хоол, унаагаа өөрсдөө дааж бэлтгэл хийсний эцэст 90 мянган төгрөгийн цалин авсан

ВИДЕО: Наадмын нээлтэд бүжиглэхээр 20 гаруй хоног хоол, унаагаа өөрсдөө дааж бэлтгэл хийсний эцэст 90 мянган төгрөгийн цалин авсан

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр болж өндөрлөсөн.

Энэ жилийн наадмын нээлтийн тоглолтын найруулагчаар “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар, зөвлөхөөр Ардын багш С.Дулам ажилласан юм.  Баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэлийг зургаадугаар сарын 15-наас эхлүүлсэн. Улмаар наадмын соёл урлагийн арга хэмжээнд 5000 гаруй хүн оролцож байгаагаас нээлт, хаалтын урлагийн тоглолтод мэргэжлийн урлагийн театр, чөлөөт уран бүтээлчид нийлсэн 1200 гаруй уран бүтээлч оролцсон билээ. Энэ хүрээнд  2023 оны улсын төсөвт наадмын төсвийг 5 тэрбум төгрөгөөр баталсан юм. Мөн наадмын нээлтийн тоглолтын үеэр бүжиглэсэн уран бүтээлчид 20 гаруй хоног бэлтгэл хийж, 90 мянган төгрөгийн цалин авсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл бид баяр наадамд оролцсон бүжигчин болон гэр бүлээс нь дээрх үйл явдлын талаар тодруулан ярилцав.

ВИДЕО: 

Оролцогчид энэ үеэр “20 гаруй хоног бороотой өдрүүдэд ч бэлтгэл хийж байсан. Өглөө 10 цагаас оройн 20, 21 цаг хүртэл зогсдог байсан. Унаа хоолны мөнгө бид өөрсдөө гаргасан. Ингэхдээ өдөрт нэг завсарлагаагаар нь амжиж юм иддэг байсан. Мөн бидэнд амрах эрх байгаагүй. Сандал руу суулгаж амраадаггүй байсан болохоор тайзны дор шахалцаж суудаг байсан. Тэгээд эцэст нь цалин орсны дараа урам хугарсан. Дахиж ийм юманд хэзээ ч оролцохгүй гэж бодож байна. Гэхдээ наадамд бүжиглэсэн хүүхдүүд хаана харьяалагдаж байгаагаас хамаараад өөр өөр цалин авсан юм шиг байна лээ. Тэгэхээр Үндэсний их баяр наадмын комисс мөнгө өө өгсөн ч хувийн байгууллагуудын хуваарилалт тэгж хийгдсэн байх” хэмээсэн юм.

Энэ мэт шатнаас шат дамжин хүний хөдөлмөрийг хумсалсан давхарга, хүүхэд юм чинь гэж хуурах, хүний заяагдмал эрх болох бие засах эрхийг нь ч чөлөөтэй олгохгүй байх гэхчлэн Үндэсний их баяр наадамдаа сэтгэл гаргана бэлтгэж буй уран бүтээлчдийн орчин нөхцөл авч буй цалин яах аргаггүй анхаарах ёстой асуудлуудын нэг мөн боловч тэгсхийгээд мартагдаж уран бүтээлчид тайзныхаа дор, хөдөлмөрийн хөлс нь хэн нэгний халаасанд үлдсээр байх уу.

Мөн ярилцлагын үеэр үзүүлж буй "цалин явууллаа дахиад өгөх мөнгө ч байхгүй" хэмээгээд явуулсан гэх дансны хуулгыг хуурамчаар үйлдэх буюу эвлүүлсэн байдалтай. Наадмын үеэр бэлтгэл хийхдээ хүүхдүүдээ нэгтгэж оруулсан бүх асуудлаа хэлэлцдэг групп чатаасаа хассан зэрэг хэд хэдэн хүүхэд хуурах гэж оролдсон баримт байсныг онцлон дурдъя. Ингээд баяр наадмын нээлтийн тоглолтын бүжигчин болон түүний ээжийн ярилцлагыг хүргэе.

-Сайн байна уу. Баяр наадмын үйл ажиллагаанд ямар үүрэг чиглэлээр оролцсон бэ?

-Миний хувьд нээлтийн тоглолтын үеэр үндсэн гараан дээрээ 15 минут бүжиглэсэн.

-Бүтэн өдөржин бэлтгэлээ хийж байсан гэж сонссон. Унаа болон хоолны зардлыг яаж шийдэж байсан бэ?

-Өөрсдөөсөө гаргаж байсан. Бэлтгэл нь орой тарвал автобус зогсчихдог. Тиймээс өөрсдөөсөө мөнгө гаргаад орой таксигаар харьдаг. Тэгээд бас хоолны мөнгө цаанаасаа өгнө гэсэн байсан ч өгөөгүй. Тиймээс өөрсдөө хоолныхоо мөнгө болон усны мөнгийг гаргасан.  Тэгээд өдөрт яг хоёр хайрцаг ус өгдөг байсан.  Бүжигчдийн дунд нь өгнө. Тэгээд бидний бүжгийг хариуцсан хүн өөрсдөөсөө мөнгө гаргаад хоёр удаа хоол авч өгч байсан.

-Өдөрт бэлтгэл нь хэдээс хэдэн цагийн хооронд ордог байсан бэ?

-Өглөө 10, 11 цагаас эхлээд орой 20, 21 цаг гээд тарж байсан. Эрт тарвал 7 цаг гэж тардаг. Амралтын хувьд гэвэл бэлтгэл ажил явагдаж байхад хүүхдүүд суудал руу явах гээд байна гэж уурлаад тайзны доор бид нар олуулаа шархдалцаад байж байсан. Амралт авъя гэж хэлж болохгүй. Ер нь тийм үг хэлэх боломж ч байхгүй. Тэгээд зогсоо зайгүй бэлдээд л байна. Бэлдээд л байна. Тэгээд өдөрт яг 30 минутын завсарлага өгдөг байсан. Тэрэнд нь гялс гараад л юм хумаа идэхгүй бол амждаггүй байсан.

-Хэзээ цалин гэж 90 мянган төгрөг өгөх болов. 90 мянган төгрөг өгөхдөө гүйлгээнийх нь утган дээр юу гэж бичсэн байв. 

-Цалин нь долдугаар сарын 19 –ний шөнө орсон. Гүйлгээний утга дээр нь болохоор цалин гэж бичээд явуулсан байсан. Тэгээд нэг хүний 90 мянган төгрөг. Групп чатад бичихдээ 10 хувийг нь суутгаж авч байгаа гээд татвар гэж авсан. Тэгээд цалингаа нэг удаа асуусан чинь “цалинг чинь идчихгүй шүү дээ. Орж ирсэн даруйд нь шилжүүлнэ” гээд аймар уурлаад “дахин асуухгүй шүү” гэж байсан. Тэгээд яг цалин ороод харсан чинь 90 мянга байсан. Аймар сонин санагдаад “Заазаа ийм л цалин өгч байгаа юм байна” гэж бодсон.

-Анх бүжиглүүлэхдээ хэдэн мянган төгрөгийн цалин өгнө гэж хэлсэн байсан юм. Уг нь анх хоол унааны мөнгө өгнө гэж хэлсэн байсан гэсэн үү?

-Тиймээ. Анх “150-200 мянга ч юм уу. Тиймэрхүү цалин хэлээд сайн байх юм бол, чадвартай байх юм бол цалин чинь өснө” гэж ярьж байсан. Тэгээд яг бэлтгэлийн дундуур “хэдэн хүүхдэд нэмэлт цалин бодож байгаа” гэж хэлж байсан. Манай найз адилхан 90 мянган төгрөг авсан байна лээ. Тэгээд өөр хүүхдээс асуусан чинь “100 мянган төгрөг авсан” гэж хэлсэн байна лээ. Би яг бүгдээрээ хэдийг авсныг нь бол мэдэхгүй байна.

-Бүжиглэсэн хүүхдүүд бүгд адилхан оров уу. Өөр өөр байсан уу?

-Манай найз бол адилхан 90 мянган төгрөг авсан. Мөн Бадмаараг сургуулиас нэг таньдаг хүүхэд байдаг. Тэр хүүхэд болохоор “хүний 450 мянган төгрөг авсан” гэж хэлсэн. Тэгээд саяны миний орсон энтертайнменттай адилхан газар манай найз байдаг. Тэр бас “ямар цалин авсан бэ” гэсэн чинь “хүний 200 мянган төгрөг авсан” гэсэн.

-Зарим  хүүхдийн ар гэр байгууллагуудтай холбогдож нэмэлт 100 мянган төгрөг авсан гэж сонссон?

-Лавшаруулж асуусан хүмүүст өгч байгаа гэж байсан. Манай найз ээжээрээ яриулаад асуусан чинь “Заазаа яах вэ 100 мянган төгрөг нэмээд өгье. Асуудал гаргаж байгаа. Ярьж байгаа эцэг, эхчүүдэд нь нэмж өгч байгаа” гэж хэлж байсан. Тэгээд “сүүлийнхээ мөнгийг шавхаж өгч байна шүү. Дахиж асуудал гаргасан ч гэсэн. Хүмүүс юм ярьсан ч гэсэн өгөхгүй” гээд дансныхаа хуулгыг явуулсан.

Бүжигчид рүү явуулсан дансны хуулга нь

-90 мянган төгрөгийн цалинг гэрийнхэн чинь яаж хүлээж авав?

-Гэрийнхэн болохоор аймар ууртай хүлээж авсан. “Чи олон хоног нартайд, бороотойд бэлтгэл хийчхээд ийм мөнгө авч байгаа юм уу. Чи авч байгаа цалингаасаа их мөнгө бэлтгэлдээ зарцуулсан. Ядаж тэр мөнгөө нөхөж авбал болно шүү дээ. Яагаад ингэж өгч байгаа юм” гээд аймар уурласан.

-Яг тэр 20 хоногийн хугацаанд нэлээд хэдэн өдөр бороотой байсан Тэгэхээр бороотой өдөр ч гэсэн гадаа норж, бэлтгэлээ хийгээд байж байсан гэсэн үг үү?

-Тийн. Эхний хоёр өдрийн бороонд болохоор “Бүгдээрээ бороонд нороод бүжигчид юм чинь даарч хөрж болохгүй. Бэртэл, гэмтэл авчихна” гээд хийгээгүй. Тэгээд дараа нь болохоор хамаагүй бороотой ч гэсэн бэлтгэл хийсэн.

-Дараа нь магадгүй Монгол Улсын хэмжээний урлагийн үйл ажиллагаанд чамд санал тавиад “чи бүжиглээд өгөөч” гэвэл чи орох уу?

-Орохгүй одоо бол хаширч байна.  

Бид харин бүжигчид охины ээжтэй утсаар холбогдож ярилцсан юм. Тэрбээр “Манай хүүхэд Үндэсний их баяр наадмаар бүжиглэсэн. Бүжгийн бэлтгэлээ бараг 20 гаруй хоног хийсэн. Тэгээд өдөр алгасахгүй өдөр бүр бэлтгэлээ хийж байсан. Зарим үед бүр шөнө 10, 11 хүртэл бэлтгэл хийж байсан. Хоолны мөнгийг нь өдөр болгон хүүхдэдээ өгч явуулдаг байсан. Мөн автобусны мөнгө өгнө. Тэгээд оройтож ирэхээр бол такины мөнгө зэргийг эцэг, эх нь гаргаж байсан. Бас толгойн гоёл зэргийг бас бид өөрсдөө гаргасан. Би хүүхдүүдийг тэнд байгааг нь харж байхад “Хоноод бэлтгэлээ хийсэн. Хоносон” гээд нойрмоглосон унтсан хүүхдүүд л байсан.

Би энийг гэхдээ ингэж бодоод байгаа юм. Үндэсний их баяр наадмын хорооноос өгөх цалин мөнгөө бол өгсөн. Харин харьяалагддаг энтертайнмент буюу харьяа газрууд нь цалин хуваарилахдаа янз янзаар хуваарилсан юм болов уу гэж бодож байна. Зарим хүүхдэд болохоор 450, 300 мянга 200 мянгыг авсан байгаа юм. Харин манай охиных 90 мянгыг өгсөн. Тэгэхээр энтертайнментаасаа бас шалтгаалж байгаа юм.

Өмнө нь цалин өгнө гэхдээ 150-200 мянга гэхээр нь за яах вэ Үндэсний их баяраараа бүжиглэнэ гээд нэг их тоогоогүй. Тэгээд олон хоног цаг наргүй бэлтгэл хийчхээд 90 мянган төгрөг өгч байгаа юм. Тэгэхээр бидний зүгээс хоол, унаа гээд гаргасан зардлаа ч нөхөхөөргүй жоохон мөнгө өгч байгаа юм. Тэгээд тэр хүмүүс рүү нь утсаар яриад “яагаад ийм жоохон мөнгө өгч байгаа юм бэ. Улс өчнөөн тэрбум төгрөг гаргасан шүү дээ” гэхэд бид хувцсаа өөрсдөөсөө мөнгө гаргаж хийлгэсэн гэж байгаа юм. Тэгээд тэр “хувцасныхаа мөнгийг хүүхдүүдийн хоолны мөнгөнөөс гаргаж хийсэн” гэсэн. Тэгсэн мөртлөө тэр хувцсаа өөрсдөө буцааж хурааж авсан байгаа юм. Цаанаасаа улсын Үндэсний их баяр наадам юм чинь хувцасны мөнгийг нь цаанаас нь өгөх ёстой. Өдрийн бэлтгэлийн хоолны мөнгийг өгнө гэж ярьж байсан боловч мөнгө өгөөгүй. Хоол өгнө гэж ярьсан боловч өгөөгүй. Манай хүүхдийн яриагаар “хоёр удаа савтай хоол” өгсөн гэж яриад байгаа юм. Тэрнээс хойш юу ч өгөөгүй гэсэн” хэмээсэн юм.