Ч.Улаан: 50 га гэдэг асуудал бидэнд албан ёсоор тавигдаагүй, ийм мэдээлэл байхгүй

Ч.Улаан: 50 га гэдэг асуудал бидэнд албан ёсоор тавигдаагүй, ийм мэдээлэл байхгүй

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгох журмаар эрх мэдэлтнүүд албан тушаал болоод өөрийнхөө нөлөөгөөр зээл авдаг байдлыг хаасан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ-ын гишүүн, сайд, агентлагийн нар, орон нутгийн удирдлагууд гээд нэр заагаад тэд болон тэдний гэр бүлийн хувь эзэмшдэг аж ахуйн нэгжүүдэд зээл олгохгүй гэсэн заалт оруулсан. Мөн зээл олгох шийдвэрийг нэг хүн гаргадаг байсныг болиулсан. Өөрөөр хэлбэл, олон талаас нь хэлэлцээд хамтын шийдвэр гаргадаг болж байгаа.

БНХАУ-ын Тяньжин хоттой Нийслэл хотын хамтын ажиллагааны хүрээнд өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулж ажиллах тухай санал яригдаж, судлагдаж явж байна. 50 га гэдэг асуудал бидэнд албан ёсоор тавигдаагүй, ийм мэдээлэл байхгүй. Харин хөнгөлөлттэй зээлд хүлэмжийн аж ахуй эрхэлдэг манай аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой болсон.

Нийслэлийн хүн амын махны хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах зорилгоор арилжааны банкны эх үүсвэрээр мал, мах бэлтгэсэн махны үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар мах нөөцөлж, хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулж байна.

Арилжааны банкны шалгуурт тэнцсэн “Баатарууд Тэнгэр”, “Дархан меат фүүдс”, “Сүхбаатар мах маркет” ХХК-иуд нийт 4.0 мянган тн мах бэлтгэснийг нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс нийлүүлсэн байна. 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар нийт 2,820 тн мах буюу бэлтгэсэн нөөцийн 70.5 хувийг борлуулсан.

Нөөцийн махны худалдааг хүртээмжтэй болгох зорилгоор салбарын яамнаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Улаанбаатар хотын холбогдох байгууллагуудтай уулзаж, худалдааны сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан зохион байгуулахаар ажлаа эрчимжүүлж эхэлсэн." гэв.

Нийслэлийн 8 дүүрэгт хүнсний 137 дэлгүүрээр дамжуулан үхрийн ястай махыг 7,200 төг/кг, хонины ястай махыг 6,000 төг/кг, ямааны ястай махыг 5,500 төг/кг үнээр худалдаалж байгаа нь зах зээл дэх жижиглэнгийн үнээс 16-45 хувиар хямд байгаа аж.

Захуудын махны үнэ огцом өсч, ард иргэдийг бухимдуулсан явдал нь цаг агаарын хүндрэлээс үүдэн хот хоорондын тээвэрлэлтийг түр хязгаарласан болон гарал үүслийн баталгаагүйгээс мэргэжлийн хяналтын байгууллагын хориг тавигдсанаас  мах боловсруулах үйлдвэрүүд захаас болон зах руу ирэх  махнаас амдан авч, түүхий эдээ бэлтгэсэн зэрэг явдал нөлөөлжээ.