Долдугаар сард үргэлжлэн орсон борооны улмаас 1500 гаруй толгой мал хорогджээ

Долдугаар сард үргэлжлэн орсон борооны улмаас 1500 гаруй толгой мал хорогджээ

Шадар сайд С.Амарсайхан 21 аймгийн Засаг дарга нартай цаг үеийн асуудлаар цахимаар хуралдлаа.

Шадар сайд С.Амарсайхан "Долдугаар сар гарснаас хойш Монгол орны нийт нутгаар үргэлжилсэн болон дуу цахилгаантай түр зуурын бороо орж, томоохон гол мөрнүүд үерийн аюултай түвшинд хүрсэн. Зарим гол үерийн далангаа давж хальсан.

Үерийн улмаас долоон иргэн амь насаа алдсан харамсалтай мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймгийн Мандал суманд нэг, Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд дөрөв, Төв аймгийн Борнуур суманд хоёр иргэн үер усны ослоор энджээ.

Түүнчлэн 600 гаруй айл өрхийн гэр, байшин усанд автаж, 1,500 гаруй толгой мал хорогдож, усанд урссан.

Улсын чанартай авто замын зургаан байршилд эвдрэл, гэмтэл гарсан байна.

Мөн Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн төмөр замын 10 орчим хэсэгт замын далан сэтэрч, эвдрэл гарсныг Улаанбаатар төмөр замын ажилчин, албан хаагчид хоёр хоногийн дотор ажиллаж, гэмтлийг засварласан" гэлээ.