Үерийн улмаас хууларсан Чингүнжавын гудамжны авто замын засварыг энэ долоо хоногт хийж эхэлнэ гэв

Үерийн улмаас хууларсан Чингүнжавын гудамжны авто замын засварыг энэ долоо хоногт хийж эхэлнэ гэв

Долдугаар сарын 23 нд орсон хүчтэй аадар борооны улмаас нийслэлийн зарим авто зам эвдэрсэн. Тус байршлуудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт ажиллаж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Чингүнжавын гудамж буюу 25-р эмийн сангаас Өргөө кино театр руу өгсөх зам эвдэрч, замын асфальт хучилтууд хууларч урссан. Тус замыг 2006 онд тавьсан бөгөөд 2019 онд үерийн улмаас эвдэрснийг засварлан, нөхөн сэргээж байжээ. Тус авто замд Баянгол дүүргийн Онцгой комисс, Нийслэлийн Замын хөгжлийн газар болон тухайн хэсгийг хариуцсан зам засвар, арчлалтын компанийн албан хаагчид ажиллаж, асфальт, хог хаягдлыг цэвэрлэсэн байгаа юм. Тэгвэл тус замыг хэзээ засварлах талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Үргэлжлэн орсон борооны улмаас болж нийслэлийн төвийн зургаан дүүргийн 138 гудамж замын 18.6 мянган ам метр талбайд нүхэн эвдрэл үүссэн. Үүнтэй холбоотойгоор 3321 ам метр талбайн нүхэн эвдрэлийг засаад байна. Долоодугаар сарын 23-нд орсон аадар борооны улмаас Чингүнжавын гудамж, Уулын зам эвдэрсэн. Чингүнжавын гудамжны замын хууларсан асфальт хучилтыг цэвэрлэлээ. 2000 ам метр талбайд хучилт хийх шаардлагатай болсон. Үүнийг энэ долоо хоногт хийж эхэлнэ. Нүхэн эвдрэл засварлах болон ээлжит засварын ажил үргэлжилж байна. 16 байршилд ээлжит засвар хийнэ” гэлээ.

 




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө