БӨХИЙН ДҮРЭМ: Учраа бөхөө өшиглөж, тахимаа авахдаа толгой руу нь цохисон түүний давааг нь хураах ёстой ч, хариуцлага тооцсонгүй /ВИДЕО/

БӨХИЙН ДҮРЭМ: Учраа бөхөө өшиглөж, тахимаа авахдаа толгой руу нь цохисон түүний давааг нь хураах ёстой ч, хариуцлага тооцсонгүй /ВИДЕО/

Үндэсний бөхийн спорт бол наадамчин олныг суудлаас нь өндөлзүүлж, олон аавын хүүгийн эр бяр, эрч хүчээ сорих талбар болдог. Үзэгч түмэн ч бөхчүүдийн үнэн хүчийг үзэж, уран мэхийг уралдуулж буйг харж нүд сэтгэлийг баясгадаг. Монгол бөхөд эр бяр, авхаалж самбаанаас гадна ур ухаан, ёс жудаг чухал. Үндэсний спортоор наадамчин олныг цэнгүүлж байгаагийн хувьд эр хүний тэр дундаа бөх хүний ёс жудагтай, зангарагтай байх нь нэн тэргүүний асуудал. 

Тэгвэл Өвөрхангай аймгийн нэгэн сумын түүхт 67 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 64 бөх барилдсанаас аймгийн начин М.Балжинням түрүүлжээ. Энэхүү бөхийн түрүү үзүүр булаалдахаар барилдсан барилдааны бичлэг “Монгол бөхийн ёс жудаг хаана оршиж байна” гэх сэдэв рүү эргэн харахад хүрэв. 

ВИДЕО:

Учир нь дээрх бичлэгийг сайтар харвал элэг бүсний барьцнаас гутлан дээр нь гишгэж мэх хийн унагаад босохдоо гараараа нидэрч, өшиглөх маягийн үйлдэл хийж байгаа нь Үндэсний бөхийн тогтсон дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл болжээ. Дүрэмээ дагах аваас давааг нь хурааж, барилдах эрхийг нь хасах хүртэлх хэмжээний үйлдэл гэдгийг бэлхнээ харж болохоор байна. Тодруулбал, Монгол үндэсний бөхийн барилдааныг “Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн дагуу зохицуулдаг. Тус дүрэмд дараах байдлаар заажээ.

Үүнээс гадна тус дүрмийн 5.4 дүгээр зүйлд Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдах бөх дараахь гэмтээх барьц барих болон хөдөлгөөн хийхгүй:

5.4.4.ямар нэг байдлаар алгадах, цохих;

5.4.5.өшиглөх, тийрэх;

5.4.6.унасан бөхийн дээрээс өвдөглөх, тохойлдох, нидрэх, биеийн жингээр дарж жинлэх;  

5.4.11.өлмий дээр гишгэж унагахыг хориглоно гэжээ.

Мөн 9.3.2.хөлийн цэц болон засуулаас тавьсан шаардлагыг биелүүлэхгүй удаа дараа хориотой болон буруу, гэмтээх барьц барих, эсхүл гэмтээх хөдөлгөөн хийх үйлдэл гаргасан бөхийг барилдаанаас хасах;

9.3.3.наадамчин олон, баяр наадмыг үл хүндэтгэх, төрийн ёслол, зан уламжлалыг зөрчсөн үйлдэл хийсэн, учраа бөхөө санаатай гэмтээх тохиолдолд тухайн бөхийн барилдах эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасах;

10.2.Дүрэм зөрчсөн, үүргээ биелүүлээгүй бөх, засуул, цэц, гарын даа, тайлбарлагчид хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг Салбар хороо барилдаан дууссанаас хойш 21 хоногийн дотор хуралдаж шийдвэрлэнэ гэж тус тус заажээ. Дээрх барилдаан нь энэ оны долдугаар сарын 11-ний өдрийн барилдаан юм. Хариуцлага хүлээлгэх эсэх хугацаа дуусаагүй байгаа тул нэн түрүүнд тус дүрэм зөрчсөн, ёс жудаггүй бөхийн барилдааныг хөлийн цэц болоод зохион байгуулагчид эргэн харж шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй болов уу. Дээрх дүрмээс үзвэл ёс жудаггүй тус бөхийн барилдааныг хүчингүй болгох бүр цаашилбал барилдах эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасах ч үндэслэл байна хэмээн харж байна.