Э.Ганцэцэг: Гэмт хэргийн улмаас 9517 иргэн, 278 байгууллага 64.4 тэрбум төгрөгийн хохирол амссан

Э.Ганцэцэг: Гэмт хэргийн улмаас 9517 иргэн, 278 байгууллага 64.4 тэрбум төгрөгийн хохирол амссан

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн хурлаар 2023 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг,

Монгол Улсын шүүх 2023 оны эхний хагас жилд 59197 хэргийг хянан шийдвэрлэсэн  байна.

"Үүнээс Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 7026 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7.3 хувиар буурсан бол Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 32050 хэрэг хянан шийдвэрлэсэн өмнөх оноос 8.3 хувиар өссөн байна. Мөн захиргааны хэргийн хянан шийдвэрлэх  1337 хэрэг хянан шийдвэрлэсэн нь 30.6 хувиар тус тус өсчээ. Зөрчлийн 13 мянга гаруй хэргийг хянан шийдвэрлэж 560 хүнийг хорих ял эдлэх хугацааны өмнө тэнсэн суллах арга хэмжээ авч 723 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.

Гэмт хэргийн улмаас 9517 иргэн, 278 төрийн болон хувийн хэвшлийн байгууллага хохирогчоор тогтоогдож 64.4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Мөн гэмт хэргийн улмаас 222 хүний амь нас хохирч 4194 иргэний бие хөнгөн, хүнд, хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байна.

Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ирүүлсэн нүүрсний гэх тодотголтой буюу нүүрс  олборлох тээвэрлэх, худалдан авахтай холбоотой 63 иргэнд холбогдох найман хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авсан. Үүнээс 33 иргэнд холбогдох таван хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэнээс 30 хүнд холбогдох гурван хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.

Нүүрсний хэрэгт холбогдуулан 37 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол давхардсан тоогоор зургаан хүнд тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, 26 хүнд хязгаарлалт тогтоох, 16 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэсэн байна" гэлээ.