Х.Билгүүнзаяа: "Авлига хороолол"-ын газрын зөвшөөрөлтэй шүүх ямар ч хамаарлагүй

Х.Билгүүнзаяа: "Авлига хороолол"-ын газрын зөвшөөрөлтэй шүүх ямар ч хамаарлагүй

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн хурлаар 2023 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа.

Энэ үеэр Шүүгчийн хараат бус байдал, хууль зүйн ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Билгүүнзаяа, “Олон нийтийн сүлжээнд “Aqua garden” буюу иргэдийн “Авлига хороолол” гэж нэрлээд байгаа газарт барилгын зөвшөөрөл, газар өмчлөх эрхийн гэрчилгээг шүүхийн байгууллага олгосон мэтээр ярьж байгаа нь зохион байгуулалттайгаар шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, шүүгчийн хараат бус байдалд халдсан зүйл боллоо. Үүнтэй холбогдуулан шүүхийн шийдвэрийн тоймыг олон нийтэд түгээсэн байгаа.

Товч дурдвал Монгол Улсын шүүх нь иргэн болон хуулийн этгээдэд тодорхой газар эзэмших ашиглах, барилга байгууламж барих зөвшөөрлийг олгох боломжгүй байдаг. Хан-Уул дүүргийн нутагт дэвсгэрт байрлах тус хорооллыг 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр 147 дугаар шийдвэрээр эдэлбэрийн зориулалтаар эзэмших, үйлчилгээ, усан парк, спорт цогцолборын үйл ажиллагаа явуулах гэрчилгээг Засаг даргын захирамжаар олгосон байна. Уг захрамжид өөрчлөлт оруулж, хүчингүй болгох захирамжийг Нийслэлийн засаг даргын 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийн А111 дүгээр захирамжаар хүчингүй болгосон байна.

Мөн Нийслэлийн засаг даргын захирамжаар дээрх газрын зориулалтыг өөрчилж , худалдаа үйлчилгээ, орон сууц, цогцолборын зориулалтаар өөрчилж шийдвэрлэсэн.

Үүний дараа Барилга хот байгуулалтын яамнаас барилгын ажлын зөвшөөрлийг мөн  гаргасан байдаг. Эдгээр процессыг харвал шүүхийн бүрэлдэхүүн уг “Авлигал хороолол”-ын зөвшөөрөлтай ямар ч хамааралгүй. Уг хэрэг дээр захирганы хэрэг үүсгэсэн бөгөөд хяналт шалгалтын шатандаа явж байна.