Ц.Хулан Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байхдаа "Х Богдын дүр"-ийн талаар Далай ламд захидал бичсэн байжээ

Ц.Хулан Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байхдаа "Х Богдын дүр"-ийн талаар Далай ламд захидал бичсэн байжээ

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яруу найрагч Ц.Хуланг гэм буруутайд тооцож 9,6 жилийн хорих ял оногдуулсан. Энэ асуудлаар түүний аав, Ардын уран зохиолч Д.Цоодол “Өдрийн сонин”-ын өнөөдөр /2023.07.31/-ийн дугаарт ярилцлага өгсөн байна. Мөн Ц.Хулангийн 14 дүгээр Далай ламд Данзанжамцад бичсэн захидал тус сонинд нийтлэгдсэн байна.

Ардын уран зохиолч Д.Цоодол “Найрагч охиныг минь мөн ч аймшигтайгаар гутаалаа. Үүнд олон юм оролцчих шиг боллоо. Олон шувуу нэг бяцхан болжморыг хааш нь ч гаргахгүй ангайж хөөгөөд барьчих шиг юм болж өнгөрлөө” гэж өгүүлжээ. Харин Ц.Хулан нь 2019 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулгын Шашин, соёлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байхдаа, 14 дүгээр Далай ламд захидал бичиж байжээ. Тэрээр захидалдаа, “Х дүрийн Богд ламын дүрийг ойрын ирээдүйд нэн зайлшгүй тодруулах ёстой юм бол урьдчилан сайтар шүүн тунгааж шийдвэрлэхийг Дээрхийн гэгээнтэн танаас хичээнгүйлэн хүсч байна” гэжээ.

Сонирхуулахад, яруу найрагч Ц.Хуланг Эрүүгийн хуулийн 19.4.1-д “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасны дагуу шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэн 9,6 жилийн хорих ял оногдуулсан юм.