З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид УЕПГ-т гомдол гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай байгаа аж

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид УЕПГ-т гомдол гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай байгаа аж

Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад өнгөрсөн дөрөвдүгээр сар /2023.04/-д яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг. 

Тэгвэл дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэрэг өнөөг хүртэл прокурорт хянагдаж байгаа бөгөөд яллагдагч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарын өмгөөлөгчид Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай байгаа гэдгийг эх сурвалжийн мэдээлж байна. 

Хэргийн талаар эргэн сануулахад, Б.Энх-Амгаланг 2019-2020 онд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-ийнханд давуу байдал олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан гэх мэдээлэл байдаг.

Тодруулбал, тус компанийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр лүү нүүрс тээвэрлэдэг. Ингэхдээ говийн гурван аймгийн газар нутгийг экологийн доройтолд оруулсан хэрэгт шалгагдаж буй бөгөөд УИХ-ын болон ЕТГ-ын дарга асан З.Энхболд төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан хэрэгт холбогдсон байдаг. Шүүхээс түүнд Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм.