СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсан үедээ бага насны охиныг зодож, хүнд гэмтэл учруулсан ноцтой хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсан үедээ бага насны охиныг зодож, хүнд гэмтэл учруулсан ноцтой хэрэг гарчээ

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архидан согтуурсан хүнийхээ зургаан настай охиныг зодож, хүнд гэмтэл учруулсан ноцтой хэрэг гарчээ. 

Тодруулбал, Хэнтийн аймгийн ... суманд оршин суух хаягтай А.Б гэгч нь өөрийн найз гэх Ц.Б-гийн гэрт ирж, архидан согтуурч, улмаар эцэг, эхийг нь гараад орж ирэх хооронд "Аав, ээж чинь хаана байна" хэмээн гэрт байсан бага насны охиныг нь зодож, хүнд гэмтэл учруулсан байна. 

Тухайн этгээд нь мөрдөн байцаалтын шатанд уг үйлдлээ санахгүй байна гэдгээ мэдүүлжээ. Тэрбээр энэ талаар "... би тэр үед юу болсноо санах гэж оролдоход хэрэг болдог орой би “нэг юмтай ноцолдоод ч байгаа юм шиг, над руу нэг юм ноцоод ч байгаа юм шиг санагдаад” байсан. Тэгээд би тэр хүүхдийг зодчихсон юм байхдаа гэж бодсон. Тиймээс би хүүхдийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа" хэмээсэн байна. Хохирогч охин нэлээд олон удаа хагалгаанд орж, эмчилгээ хийлгэсэн бөгөөд одоо биеийн байдал нь хэвийн болж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Харин шүүхээс бага насны биеэ хамгаалах чадваргүй хүүхдийг зодож, хүнд гэмтэл учруулсан тухайн этгээдэд 6.6 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ. Иймд эцэг, эхчүүдийг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, ахуйн хүрээнд архидан согтуурахгүй байхыг сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.