ШУУРХАЙ: З.Энхболд хилийн хоригоо цуцлуулж АНУ явах хүсэлт гаргажээ

ШУУРХАЙ: З.Энхболд хилийн хоригоо цуцлуулж АНУ явах хүсэлт гаргажээ

УИХ-ын, Ерөнхийлөгчийн Тамгын газар (ЕТГ)-ын зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан З.Энхболдыг “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд яллагдагчаар татаад байгаа билээ.

Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ өнгөрсөн дөрөвдүгээр сард авсан юм. Гэтэл тэрбээр өмгөөлөгчийнхөө хамт тус шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлж, гадаад руу явах хүсэлт хүргүүлсэн байна.

Тодруулбал, “Монголын теннисний холбооны ерөнхийлөгчийн хувиар АНУ руу зорчих ажилтай болсон” хэмээн шүүхэд хүсэлт гаргасан аж. Гэвч шүүгч түүний хүсэлтийг хүлээж аваагүй агаад З.Энхболд болон түүний өмгөөлөгч нь дээд шатны шүүгчид нь гомдол гаргасныг өнөөдөр хэлэлцэхээр товлосон гэх мэдээлэл бидэнд ирлээ. Шүүхээс хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан олон хүн эрүүл мэндийн, гадаадад уулзалт, хурал зөвлөгөөнд оролцоно гэж яваад эргэж ирээгүй тохиолдол нэг бус. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдчихоод тийм байдлаар хил давсан хүмүүсийг “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж, эх оронд нь буцаан авчрахын тулд Засгийн газраас багагүй зардал, чирэгдэл гаргаж буй билээ.

Магадгүй шүүгч энэ бүхнийг тооцоолон З.Энхболдод авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөөгүй биз. УИХ-ын, ЕТГ-ын зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан З.Энхболдын хувьд Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай хамт нэг хэрэгт яллагдагчаар татагдаад буй. ЕТГ-ын дарга байхдаа З.Энхболд хамааралтай хэмээн бичигддэг “Страто” ХХК-ийнханд давуу байдал олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан юм. Тус компанийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр лүү нүүрс тээвэрлэдэг. Ингэхдээ говийн гурван аймгийн газар нутгийг экологийн доройтолд оруулсан хэрэгт холбогдсон.

Өөрөөр хэлбэл, эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан хэрэгт яллагдагчаар татагдсан юм. АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн шалгаж дуусаад тэдэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т өнгөрсөн дөрөвдүгээр сард хүргүүлсэн. Гэвч яллагдагч нар УЕПГ-т хүртэл гомдол гаргаснаар хэргийг өнөөг хүртэл шүүхэд шилжүүлээгүй байгаа билээ. Ташрамд дурдахад, Цогтцэций сумаас Говьсүмбэр хүртэл нүүрс ачсан хүнд даацын машин явахаа больсноор нутгийн малчид, ард иргэд хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд талархаж буй юм.