ШӨХТГ: Шатахууны үнэ нэмэгдэх нөхцөл үүсээгүй байхад импортлогчид үнээ нэмсэн

ШӨХТГ: Шатахууны үнэ нэмэгдэх нөхцөл үүсээгүй байхад импортлогчид үнээ нэмсэн

мах, шатахууны үнийн өсөлт, сурагчдын үдийн цайны асуудал зэрэг зургаан асуудлаар өнөөдөр  мэдээлэл хийлээ.

2017, 2018 онуудад иргэдээс гомдол санал ихээр ирдэг байсан бол 2019 онд иргэдээс зөвлөмж, зөвлөгөө хүссэн хүсэлт ирэх болсон байна. Иргэдээс ирсэн гомдолд хамгийн их жин дарж байгаа нь жижиглэн худалдаатай холбоотой гомдол ажээ. 

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва махны үнэ өссөн асуудлаар: “Өнгөрсөн долоо хоногоос эхлэн махны үнэ худалдааны төвүүдэд буурч эхэлсэн. Үнэ өсөнгүүт ШӨХТГ хянадаг гэж олон нийт ташаа ойлгодог. Бид зөвхөн монопол ААН-ийг л шалгах чиг үүрэгтэй. Манай улсын хүнсний худалдааны салбарт монопол компани байдаггүй. Иймд шууд хяналт тавих зохицуулалт байхгүй. Гэхдээ бид махны үнийн өсөлттэй холбоотой шалгалт хийж дүгнэлт гаргасан. Эмээлт зах, Хүчит шонхор худалдааны төвүүдэд шалгалт хийсэн. Шалгалтын явцад үнэ өсөхөд малчдаас шууд худалдан авах үйл явц саадтай хэвээр байна. Өөрөөр хэлбэл, олон дамжлага байсаар байна. Яамнаас энэ жил мах нөөцлөх ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн. Жилд багадаа 12 мянган тонн мах нөөцөлдөг байсан ч энэ жил дөрөвхөн мянган тонн мах нөөцөлсөн. Мөн экспортын квотын эрхтэй компаниуд их хэмжээний мах нөөцөлсөн учир үнэ нэмэгдсэн гэж үзсэн” гэв.

Харин шатахууны үнийн асуудлын тухайд тэрбээр "Сүүлийн хоёр сард шатахууны үнэ гурван удаа нэмэгдлээ. Нийтдээ 102 ААН нефть импортлох тусгай зөвшөөрөл авсан байдаг. Үүнээс 17 томоохон ААН-д хяналт шалгалт хийн жижиглэн борлуулалтын үнийн мэдээлэл, өртөг болон ашиг, алдагдлын тооцооллоос үзэхэд гадаад хилийн үнэ өссөн ч жижиглэн борлуулалтын үнийг 97-161 төгрөгөөр нэмэгдүүлэх нөхцөл үүсээгүй байна. Аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааны зардлыг хянаж үзэхэд Аи-92 автобинзен литр тутамдаа дунджаар 30-100, дизель түлш 270-289 төгрөгийн ашигтай байхад борлуулалтын үнийг нэмсэн гэж үзэж байна. Тиймээс ч холбогдох шаардлагуудыг тавьсан. Мөн төрийн байгууллагуудад холбогдох саналыг хүргүүлсэн” гэлээ.

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва мөн "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтийн тухайд:"Ерөнхий боловсолын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараа хяналт шалгалтыг хийсэн байгаа хэдий ч тус газрын хяналт шалгалтад хамрагдсан 4, 115-р сургуульд гэнэтийн шалгалт хийхэд хэд хэдэн зөрчил илэрсэн бөгөөд үүнд цэвэрлэгээ хангалтгүй, бүтээгдэхүүний чанар, гарал үүслийн гэрчилгээ хангалтгүй, бэлтгэн нийлүүлэгчидтэй хийсэн гэрээ хангалтгүй, ажилтнуудын харилуаа ёс зүйгүй зэрэг нь тогтоогдсон. Хоёр сургуульд гэнэтийн шалгалт хйихэд дээрх нөхцөл байдал тогтоогдож байгаагаас дүгнэхэд зарим сургуулиудад ийм алдаа дутагдал нийтлэг байна гэж үзэхээр байна. Үдийн цай хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгааг бид бүх сургуульд хянах боломж, бололцоо хангалттай биш байгаа учраас “Үдийн цай” хөтөлбарийг хэрэгжүүлэхэд мөрдөх журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг бүх байгууллагын хяналт хэрэгтэй байна” гэсэн юм.