Ж.Соронзонд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр дахин АТГ-т буцаажээ

Ж.Соронзонд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр дахин АТГ-т буцаажээ

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад энэ оны хоёрдугаар сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байдаг. 

Харин прокуророос түүнд холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр АТГ-т буцаасан байсныг тус газраас шалгаад өнгөрсөн тавдугаар сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар мөн прокурорт хүргүүлээд байсан билээ. Тэгвэл Ж.Соронзонд холбогдох хэргийг дахин прокуророос дахин нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр АТГ-т шилжүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонд холбогдох хэрэг өдгөө АТГ-т шалгагдаж байгаа аж. 

Ташрамд өгүүлэхэд, Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонг өөрийн төрсөн дүү Ж.Содбилэгтийн нэр дээр бүртгэлтэй "ЭРХГА" хэмээх компанитай "түрээсийн гэрээ" гэгчийг байгуулж, төрийн өмчийн сургуулийн төсвийн бус хөрөнгөнөөс 2015-2021 оны хооронд 46 удаагийн үйлдлээр 5,805,394,261 төгрөгийг шилжүүлж, их хэмжээний мөнгийг шамшигдуулан завшсан. Мөн өндөр насны тэтгэвэрт суусан өөрийн нөхөр Н.Лүндэндоржийг сургуульдаа нийгмийн багшаар ажилд авч, сар бүр 4,500,000-10,868,000 төгрөгийн цалинг олгосон гэх хэрэгт буруутган шалгаж байгаа гэх мэдээлэл байдаг юм.