СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Приусны жолооч урсгал сөрсний улмаас акуа автомашинтай мөргөлдөж хоёр хүн нас барж, дөрвөн хүн гэмтжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Приусны жолооч урсгал сөрсний улмаас акуа автомашинтай мөргөлдөж хоёр хүн нас барж, дөрвөн хүн гэмтжээ

Аялал, зугаалга, амралтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд орон нутагт ихээр зорчиж байгаа.

Үүнтэй холбоотойгоор зам тээврийн осол нэмэгддэг. Тиймээс ч цагдаагийн байгууллагаас "Нэг зам-Нэг соёл" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Энэ нь ч үр дүнтэй байж, аяны хугацаанд зам тээврийн осол хэргийн нөхцөл байдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зам тээврийн ослын шинжтэй дуудлага 14.4, зөрчил илрүүлэлт 38.6, торгууль 46.2 хувиар өсөж, бүртгэгдсэн зам тээврийн осол 46.4, хүний амь нас хохирсон осол 3.1, хүүхэд нас барсан 44.4, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 26.6, эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон осол 8.9 хувиар тус тус буурсан гэдгийг албаныхан тодотгож байгаа. Гэсэн ч иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалан зам тээврийн ноцтой осол гарсаар байгаа юм.

Тухайлбал, Завхан аймаг Сонгино сумын нутагт приус маркийн автомашины жолооч урсгал сөрж өөдөөс ирж явсан акуа автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарчээ. Ослын улмаас хоёр хүний амь нас хохирч, зорчиж явсан дөрвөн хүн гэмтжээ. 

Тиймээс иргэдийг орон нутгийн замд зорчихдоо анхаарал болгоомжтой байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.