Ц.Бат-Энх "Гарын үсгийг нь хуурамчаар үйлдэж, өөрт нь урамшуулал олгосон" хэмээн гомдол гаргасан учир түүнийг чөлөөлөх асуудлыг түр хойшлуулжээ

Ц.Бат-Энх "Гарын үсгийг нь хуурамчаар үйлдэж, өөрт нь урамшуулал олгосон" хэмээн гомдол гаргасан учир түүнийг чөлөөлөх асуудлыг түр хойшлуулжээ

"Эрдэнэт медикал эмнэлэг" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Бат-Энх нь тушаал гаргаж өөртөө урамшуулал олгосон болохыг АТГ-аас тогтоож, түүнд хариуцлага тооцож, яаралтай солихыг "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал Г.Ёндонд зөвлөсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тодруулбал, "Эрдэнэт медикал эмнэлэг" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Бат-Энх нь 2023 оны хоёрдугаар 15-ны өдрийн A/32 дугаар тушаалаар өөртөө 1 сая 540 мянган төгрөгийг урамшуулал болгон олгосон нь АТГ-ын шалгалтаар тогтоогдсон байдаг. Эдгээртэй холбоотойгоор Ц.Бат-Энхийн оронд албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадвар, ажлын, туршлага хангасан  иргэнийг сонгон шалгаруулж томилохыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонд АТГ-аас зөвлөөд байсан юм. Улмаар түүнийг солих асуудал удирдлагын түвшинд яригдаж эхэлсэн гэх мэдээллийг албаны эх сурвалж хэлж байв. 

Тэгвэл "Эрдэнэт медикал эмнэлэг" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Бат-Энх нь тушаал гаргаж өөртөө урамшуулал олгосон гэх асуудлыг эс зөвшөөрч, цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. 

Тодотговол Ц.Бат-Энх "Өөрийнх нь гарын үсгийг хуурамчаар үйлдэж, өөрт нь 1 сая 540 мянган төгрөгийг урамшуулал олгох тушаал гаргасан" хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан аж. Түүнийг гомдлыг өдгөө хуулийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд уг асуудлыг шийдэгдсэний дараа ажлаас чөлөөлөх асуудлыг ярихаар болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ.