Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нартай хамт яллагдагчаар татагдсан есөн хүн хэн байв

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нартай хамт яллагдагчаар татагдсан есөн хүн хэн байв

УИХ-ын дэд дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж буй талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Нүүрсний” гэх тодотголтой, НПГ-аас 11 хүнд албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан, гэрчид нөлөөлсөн, худал мэдүүлэг өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн 142 хавтас хэргийг өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 4-ний 14.50 цагт хүлээн авснаа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв.

Эл хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нараас гадна УИХ-ын гишүүн асны ойрын хүрээллийнхэн болох Т.Түвшинбаатар, шадар туслах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилогдож байсан И.Даваадорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Худалдан авалтын албаны дарга бөгөөд ерөнхий аудитор Б.Отгонжаргал, "Лаки лайф" ХХК-ийн удирдах албан тушаалтан Г.Гантөмөр, "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал асантай хамааралтай үйлдэлд “Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хүү  Х.Батхишиг, "Эрдэнэс Тавантолгой"-н Санхүүгийн албаны дарга асан Б.Эрдэнэбаяр, "МД трейвэл" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Дагвадорж, Б.Ганхуягийн эхнэр П.Бадамханд, иргэн О.Угтахбаяр нарыг шүүхэд шилжүүлээд байгаа аж.

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын ойрын хамаарал бүхий 1-2 хүнийг худал мэдүүлэг өгсөн, гэрчид нөлөөлөхийг оролдсон хэмээн буруутгаад байгаа юм.