Д.Очирхуяг: Бэртэл авч спортоо орхисон ч фитнесийн ачаар өөрийгөө олсон тул бусдад урам өгөхөөр фитнес нээсэн /ВИДЕО/

Д.Очирхуяг: Бэртэл авч спортоо орхисон ч фитнесийн ачаар өөрийгөө олсон тул бусдад урам өгөхөөр фитнес нээсэн /ВИДЕО/

Эрүүл чийрэг байж, бие бялдраа хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, залуусын зорин очих дуртай газруудын нэг яах аргагүй фитнес байдаг. Олон фитнес байдаг ч зөвийг нь олж, үр дүнтэй байх нь л чухал. Тэгвэл бид энэ удаад олны дундаас онцгойрон ялгарч, хөгжилтэй бичлэгүүд болон залуусын дунд явуулдаг чэлэнжээрээ олноос ялгаран, түмэнд танигдсан залуу болох "Goku Gym"-ийн үүсгэн байгуулагч Д.Очирхуягийг онцлон ярилцлаа.

ВИДЕО:

- Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулахгүй юу? "Goku Gym"-ээ анх хэзээ үүсгэн байгуулсан бэ?

Сайн байна уу? Намайг Дашдоржийн Очирхуяг гэдэг. Өөрийн фитнесээ ажиллуулдаг, контент хийдэг, уургийн тэжээлийн бүтээгдэхүүн зардаг залуу байгаа. Би гурван настайдаа Польшид очиж, тэндээ өссөн. Польшид “Экстрем фитнес” гэж 55 гаруй салбартай сүлжээ фитнесийн клуб байдаг. Түүнийг хараад яагаад Монголд тийм олон салбартай сүлжээ нээж болохгүй гэж гэж бодоод өөрийн фитнесийн салбаруудаа нээгээд явж байгаа. Анх 2021 оны наймдугаар сарын 4-нд "Goku Gym"-ээ нээж байсан. Одоогоор гурван салбартай. “Гоку” гэж манай хүүгийн нэр л дээ. Би эхнэр хоёр хүүгийн хамт амьдардаг. Хоёр хүүгийн маань том нь Гоку, бага нь Кэнжи гэдэг нэртэй одоо долоон сартай. Яагаад Гоку гэж нэрлэсэн гэхээр би өөрөө одоо болтол “Dragon ball” үздэг. Тэрний Гоку гэж баатар надад хамгийн их таалагддаг байсан. Гоё биетэй, их сайн залуу байдаг. Түүнээс хараад Гоку гэж анхны хүүгээ нэрлэсэн. Бага нь төрөхөд нэг нь Япон нэртэй юм чинь нөгөөдхөд нь бас Япон нэр өгье гэж бодоод Кэнжи гэж нэр өгсөн. Кэнжи гэдэг нэр нь хүчтэй, ухаалаг, эрүүл гэсэн утгатай Япон нэр байгаа.

- Анх фитнесээр хичээллэж эхэлсэн түүхээ хуваалцахгүй юу?

Польшид амьдардаг байхад хажуу байрны нэг таньдаг ах маань байрныхаа таван давхарт жижигхэн гантел, штангтай фитнес ажиллуулдаг байсан. Тэрэнд л анх арван хэдхэн настайгаасаа явдаг эхэлсэн дээ. Гэхдээ би анх хөл бөмбөгчин байсан юм.

Хөл бөмбөг тоглож байгаад шөрмөсөө таслаад дахиж хөл бөмбөг тоглож чадахгүй болоод фитнесийн курст суусан.

Дипломтой, мэргэжлийн багш, дасгалжуулагч болсон гэсэн үг л дээ.

- Фитнесээр хичээллэхэд хүн хамгийн гол нь ямар зан чанар, дадал зуршлыг өөртөө суулгадаг вэ?

Фитнесээр хичээллэхэд тууштай байх ёстой. Хоолны дэглэм барих ёстой. Тухайлбал бэлтгэлээ хоёр долоо хоног эрчимтэй хийгээд ганц шоудангуут хоёр долоо хоногийн бэлтгэлээ алддаг. Ингэж бодохоор хүнд мэдээж харамсалтай санагдана. Тэгэхээр өөртөө илүү анхааралтай, бие, эрүүл мэнддээ арчаатай баймаар байвал шоунаас сална л гэсэн үг.

- Тэгвэл эрүүл мэнд талаасаа ямар эерэг нөлөөтэй бол?

Тамирчин биш сонирхогч хүн өөх багатай байна. Эрэгтэй хүнд бол илүү тестостерон даавар ялгарна.

Тестостерон даавар гэдэг нь эрүүл мэндэд эерэг нөлөөтэй даавар. Ясны бэхжилт сайжирч, цусны эргэлтийг хурдасгана. Хүч нэмж, илүү эршүүд болно.

Мөн тестостерон гормон ялгарахаар биеийн өөх багасч, холестерин багасна гэсэн үг. Ингэхээр зүрх илүү сайжирч, бие чийрэгжих гэх мэт маш олон эерэг нөлөөтэй. Харин тамирчин болохоор хичээллэбэл эрүүл мэндэд эрсдэл дагуулдаг. Монголчууд бодигийн тамирчин гэхээр маш эрүүл гэж боддог. Гэтэл энэ нь эсрэгээрээ маш эрсдэлтэй байдаг. Маш их даавар хэрэглэхээр хүний биед аюултай гэж үздэг л дээ.

- Олон нийтийн сүлжээнд богино хэмжээний, хөгжилтэй видео контентуудаа хийдэг шүү дээ. Анх хэзээнээс хийж эхэлсэн бэ?

Анх 2015 онд эхний видео, контентоо хийсэн байдаг. Одоогоор найман жил болж байна. Эхэндээ гадаадын мэдээллүүдийг Монголоор орчуулаад хичээл заадаг байсан. Миний монгол хэл тааруу болохоор хүмүүст сонирхолгүй байсан байх. Угаасаа тэгээд уйдчихдаг юм билээ. Тэгээд юу хийвэл зүгээр вэ гэж бодож байгаад ер нь яагаад гоё ааштай, эерэг, цоглог байж болохгүй гэж гэж бодсон. Би өөрөө комеди хийх бас дуртай учраас энэхүү богино хэмжээний, хөгжилтэй видео контентуудаа хийж эхэлсэн. Бичлэгийг маань залуус ч их сайн хүлээж авсан. Орчин үед хүмүүс нэг их мэдлэг хайхгүй зүгээр хөгжилтэй контент хайдаг болчихсон байна. Жишээ нь 10 минутын танин мэдэхүйн видео хийхэд 300, 500 like авдаг. Харин 30, 40 секунд, нэг минутын хөгжилтэй контент хийхэд хэдэн зуун мянган хүн үзэж, 15, 20, 40 мянган лайк авсан байдаг. Тэгэхээр мэдээж хүний бизнес, ажил, амьдрал, цаашаа явах гэсэн хүсэл тэмүүллээрээ энэ контентуудаа хийдэг дээ.

- Залуусын дунд суниах чэлэнж явуулдаг шүү дээ. Энэ ямар зорилготой вэ?

Чэлэнжийн гол зорилго нь залуучуудыг спорт руу анхаарч, бие бялдраа хөгжүүлэхийг уриалж байгаа юм. Нэг энгийн залууг аваад гудамжинд 50 суниалгахад цээжиндээ хэд шахаж чадахгүй бол хүн чинь дотроо бодно шүү дээ. Аан нээрээ нэг юм хийх ёстой юм байна, өөрийгөө хөгжүүлэх ёстой юм байна гэж бодно. Угаасаа олон залуучууд коммент бичдэг. Таныг үзсэнээс хойш, чэлэнжэд орсноос хойш ингэсэн тэгсэн гээд л. Сүүлд хэд хоногийн өмнө “Push up 2” чэлэнж болсон. Тэгэхэд олон залуучууд "жилийн өмнө таныг үзээд одоо танай тэмцээнд орж байна. Маш их баяртай байна" гэж олон хүмүүс хэлж байсан болохоор хэдэн хүний амьдралыг жоохон өөрчилж чадсан болов уу гээд их баяртай байгаа.

- Олон нийтийн сүлжээнд контент хийж байгаа учир сөрөг сэтгэгдэл мэдээж авдаг л байлгүй. Хэрхэн хүлээж авдаг вэ?

Ер нь өөрөөс нь илүү гараад байхаар л заавал доош нь хийх гээд байдаг юм. Бүгдээрээ биш л дээ. Гэхдээ тэд нар хэрэгтэй. Олон сөрөг коммент бичсэн бичлэгүүд илүү их хандалт авдаг гэж би ойлгодог. Тэгэхээр тэдэнд хандаж хэлэхэд үзэн ядсан сэтгэгдэл бичиж бай. Би бол дуртай л байна. Би хааяа фейсбүүкээр өөрөө коммент бичихээр хүмүүс чи Монголоор нэгдүгээр ангийн хүүхдээс дор бичдэг гээд байгаа. Миний түүхийг мэдэхгүй хүмүүс бас тэгж шүүмжилнэ. Би хэлээ заалгаж байгаагүй. Өөрөө л сурчихсан. Тийм болохоор жаахан алдах гээд байдаг.

- Залууст хандаж фитнесээр хичээллэхийн давуу талыг товч хэлээд, уриалга хүргэхгүй юу?

Миний хөл муу. Монгол хэл сайн мэдэхгүй. Монголоор сайн уншихгүй. Гэхдээ өөрийн бизнесээ эхлүүлээд явж байна. Тэгэхээр боломжгүй зүйл гэж байхгүй. Хүн хичээгээд, хөдөлмөрлөх ёстой, тууштай байх ёстой. Нэг юманд зорилго тавиад түүндээ заавал хүрч байх хэрэгтэй. Мөрөөдөөд байж болохгүй. Мөрөөдөөд л байвал тэгээд л мөрөөдөөд суугаад байна. Чухам тэр мөрөөдөлдөө хүрэх гэж хүн хөдлөх, хөдөлмөрлөх ёстой. Жоохон зовно, ядарна. Гэхдээ эцсийн эцэст сайхан амьдрал хүлээж байдаг гэдгийг хэлмээр байна. ойлгомжтой хүн мэдэхгүй юм чинь жаахан үг хэлнэ.

- Та хамгийн ойрын зорилгоосоо хуваалцахгүй юу?

Одоо миний хамгийн том зорилго бол Монголдоо 2025 он хүртэл 10 фитнестэй болох. Тэгэхээр нэг салбар дээр төлбөр хийгээд бүх манай фитнес дээр явж болно гэсэн үг. Манай Монголын түгжрэл бол маш том асуудал шүү дээ. Тэгэхээр та нарын оффис юм уу гэрийн ойролцоо байвал шууд ороод хичээллэчихнэ. Иймэрхүү олон давуу тал боломжуудыг бий болгохыг зорьж байгаа. Олон хүмүүсийг энэ спортоор хичээллэхийг уриалж байна. Фитнес зөвхөн спорт биш бас амьдралын хэв маяг. Бие организмыг эрүүл тал руу нь чиглүүлнэ. Илүү хатуужуулж, тууштай байдалд сургадаг.