ҮЕРИЙН ДАРААХ ФОТО: Иргэд үер улмаас бус осолдсон автомашин, эвдэрч гэмтсэн зүйлсээ үнэлүүлэх гэсэн тохиолдол цөөнгүй гарч байна

ҮЕРИЙН ДАРААХ ФОТО: Иргэд үер улмаас бус осолдсон автомашин, эвдэрч гэмтсэн зүйлсээ үнэлүүлэх гэсэн тохиолдол цөөнгүй гарч байна

Наймдугаар сарын 5-нд их хэмжээний усархаг аадар бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дахь-Эх, Монел орчмын айл өрхүүд уулын үерт өртөж, иргэдийн гэр орон, машин усанд автаж, дөрвөн хүний амь эрсэдсэн харамсалтай үйл явдал болсон билээ.

Тэгвэл үерийн дараах нөхцөл байдал ямар байгаа, өдгөө ямар ажиллагаа хийгдэж байгааг фото сурвалжилгаар хүргэж байна. Үерийн гамшигт өртсөн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны айл өрхүүд хашаа байшингаа шинэчлэн барих, үерийн улмаас бохирдсон эд хогшлоо ариутгаж халдваргүйжүүлж байгаатай бид таарсан юм. Зарим иргэд үерийн ус гэрт нь орохоос сэргийлж, нэг метр орчим хундам ухаж, бетон хашаа суурилуулж байв. Харин зарим айл өрхийн цахилгааны холбож өгөөгүй байгаа нь хүндрэл үүсгэж байгааг хэлж байлаа. Харин албаныхны өгч буй мэдээллээр "Үерийн дараах сэргээн босгох ажиллагаа хийгдэж, өдгөө ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил явагдаж байна. Мөн үерийн улмаас хохирсон иргэдэд гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч дүгнэлт гаргах ажиллагаа хийгдэж байгаа" гэдгийг хэлсэн.

Тиймээс хохирсон иргэд Засгийн газрын 2019 оны 01 дүгээр тогтоолын журмын дагуу нөхцөл байдлын үнэлгээ хийхэд шаардлагатай материалаа бүрдүүлж ёстой бөгөөд аль ч хорооны иргэн байсан гамшигт өртсөн тухайн хороондоо хандах ёстой гэдгийг анхаарууллаа. Түүнчлэн хохирол барагдуулах, нөхцөл байдлын үнэлгээ хийхэд иргэд худал мэдээлэл өгч, үерийн улмаас бус зам тээврийн ослын улмаас эвдэрч, гэмтсэн автомашины хохирлоо нэхэмжлэх, эд хогшлоо худал мэдүүлж үнэлүүлэх гэсэн тохиолдол цөөнгүй гарч байгаа нь ажлын хүндрүүлж, удаашруулахад нөлөөлж байгаа юм байна.