“Солонгосын соёлын өдрүүд-2023”-ын хүрээнд K-Поп хамтлагууд Монголд ирж, боловсролын үзэсгэлэн болно

“Солонгосын соёлын өдрүүд-2023”-ын хүрээнд K-Поп хамтлагууд Монголд ирж, боловсролын үзэсгэлэн болно

БНСУ-ын Тусгаар тогтнолын баярын өдөр өнөөдөр буюу наймдугар сарын 15-ны өдөр тохиож байна. 78 дахь удаагийн ой арга хэмжээг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд зохион байгууллаа.

ВИДЕО: 

-БНСУ-ЫН ТУСГААР ТОГТНОЛЫН 78 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО-

Тус арга хэмжээнд Солонгос иргэдийн төлөөлөл болсон 100 гаруй хүн оролцсон. Энэ үеэр БНСУ-д зохион байгуулагдаж буй баярын арга хэмжээг дэлгэцээр шууд хүлээн авч үзэн, хамтдаа төрийн дууллаа дуулж, эх орныхоо төлөө амь насаа зориулсан эрэлхэг баатруудаа дурсан хүндэтгэлээ. Мөн энэ үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жонгү тусгаар тогтнолын баярын мэндчилгээ дэвшүүллээ.   

-СОЁЛЫН ӨДРҮҮДИЙН ҮЕЭР СОЛОНГОСООС “MEGAMAX” K-POP ХАМТЛАГ МОНГОЛД ИРНЭ-

Мөн энэ үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас “Солонгосын соёлын өдрүүд-2023” арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа талаарх мэдээллийг өгсөн юм. 

Тодруулбал, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран 2023 оны наймдугаар сарын 25-27-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд “Солонгосын соёлын өдрүүд-2023” арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Тус арга хэмжээний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн үзэсгэлэн яармаг, Эрүүл мэндийн аялал жуулчлалын фестиваль, “БНСУ-д суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг зохион байгуулах зэргээр урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээтэй арга хэмжээнүүд зохион байгуулах аж. Түүнчлэн тусгайлан Солонгосоос “MEGAMAX” K-Pop хамтлаг, Хойд Жолла мужийн ардын урлагийн “Хан мадан” хамтлаг, Солонгосын Күггивон Таэквондогийн баг, БНСУ-ын Урлагийн их сургуулийн уран бүтээлчид зорин ирж оролцон эрч хүчтэй, сонирхолтой үзүүлбэрээ толилуулна гэдгийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ким Чол Сан онцолсон.

Мөн тэрбээр Сүхбаатарын талбайд болох уг арга хэмжээнд Монгол дахь Солонгосын төрийн болон төрийн өмчит байгууллага, ААН-үүд өөрсдийн сурталчилгааны асрыг нээж ажиллуулан Солонгосын бүтээгдэхүүнүүдийг дэлгэж, танилцуулна. Солонгосын соёлтой танилцах боломжийг олгох “Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээнд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна" гэсэн юм.