БАРИМТ: Хотыг усанд автуулах эрсдэлд оруулж буй гэх “S Outlets” дэлгүүр, "Авлига" хорооллын газрыг олгосон Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл нарыг ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

БАРИМТ: Хотыг усанд автуулах эрсдэлд оруулж буй гэх “S Outlets” дэлгүүр, "Авлига" хорооллын газрыг олгосон Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл нарыг ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

Өнгөрсөн долдугаар сард орсон аадар борооны улмаас Сэлбэ, Дунд голын далан зарим хэсгээрээ сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автсан гамшигт үзэгдэл болж, иргэд эд хөрөнгөөрөө хохирсон билээ. 

Тухайн үед голын голдирлыг шахаж барилга барьсан “S Outlets” дэлгүүр, Усан паркийн барилга зэрэг нь далан сэтрэхэд нөлөөлсөн гэдгийг албаныхан мэдээлсэн. Тиймээс тухайн барилга байгууламжийн газрыг олгосон болон барилгыг хүлээн авсан асуудлыг шалгах Ажлыг хэсгийг байгуулаад байгаа. Тэгвэл голын ай сав газарт газар олгож, барьсан барилгыг нь хүлээн авсан нэр бүхий хүмүүсийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ. 

-СЭЛБЭ ГОЛЫН АЙ САВД БАРИГДСАН S OUTLETS ДЭЛГҮҮРИЙН ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙН АНХ ХОТЫН ДАРГА АСАН Г.МӨНХБАЯР ОЛГОЖЭЭ-

Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр иргэн Д.Батзоригт 2009 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 275 дугаар захирамжаар “Автомашины засвар үйлчилгээ” зориулалтаар анх Сэлбэ голын ай савд 576м2 газар олгожээ. 

Харин Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н.Батаа  2015 оны А/990 дугаартай захирамжаар газрын хэмжээг 2,409 м.кв болгон тав дахин нэмэгдүүлсэн байх бол Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1626 дугаар захирамжаар зориулалтыг нь “Худалдаа үйлчилгээ” болгон тус тус өөрчилсөн байна.

Гэхдээ үйлчилгээний зориулалтаар баригдсан уг барилгыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зохион байгуулсан 19 гишүүнтэй комисс 2015 оны аравдугаар сарын 14-ний өдөр хүлээн авч байсан аж. Тодруулбал, S outlets дэлгүүрийн барилгыг ашиглалтад хүлээн авсан улсын комиссын даргаар тухайн үед Нийслэлийн Ерөнхий төлөвлөлтийн газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны даргаар ажиллаж байсан Т.Эрдэнэтуяа ажилласан байна. Харин нарийн бичгийн даргаар НЕТГ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны мэргэжилтэн М.Дунгармаа, НЕТГ-ын Барилгын хяналтын инженер Д.Жүрмэддорж, архитектор Б.Нямдаваа, Нийслэлийн Онцгой байдлын газрын Барилга, зураг төсөл хариуцсан байцаагч Л.Тэгшбаяр нарын 19 хүн хүлээн авч байжээ. 

-ДУНД ГОЛЫН АЙ САВД БАРИГДАЖ БАЙСАН “АКУА ГАРДЕН” БУЮУ АВЛИГА ХОРООЛЛЫН ГАЗРЫГ Э.БАТ-ҮҮЛ 2013 ОНД ОЛГОСОН БАЙНА-

Авлига хороолол гэх нэртэй болоод буй Дунд голын ай савд баригдаж буй “Акуа Гарден”-ы газрын зөвшөөрлийн анх 2013 онд Хотын дарга асан Э.Бат-Үүл олгожээ. 

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга Э.Бат -Үүл 2013 А/951 захирамжаар “Эм Энд Жи ХХК-нд 2013 оны аравдугаар сарын 18-ны өдөр ногоон байгууламж гэх зориулалтаар анх газар олгосон байна.

Харин Хотын дарга асан С.Батболд 2018 А/1111 захирамжаар үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор, Д.Сумъяабазар 2022 А/17  захирамжаар худалдаа, нийтийн үйлчилгээ, цогцолбор, орон сууцны зориулалтаар газар олгосон байжээ. Тус барилгын ажлыг түдгэлзүүлсэн, ашиглалтад ороогүй учраас одоогоор улсын комисс ажиллаагүй байгаа юм.   

Товчхондоо S outlets, “Акуа Гарден”-д газар олгосон болон эрсдэлтэй бүсэд барьсан барилгыг хүлээж авсан дээрх нэр бүхий хүмүүсийг хуулийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.