ВИДЕО: Монгол барилгын компаниуд дан "ногоон тор"-оор аюулгүй байдлаа хамгаалсан нь заргэлдээ баригдаж буй БНХАУ-ын барилгын компаниас эрс тэс ялгаатай байна

ВИДЕО: Монгол барилгын компаниуд дан "ногоон тор"-оор аюулгүй байдлаа хамгаалсан нь заргэлдээ баригдаж буй БНХАУ-ын барилгын компаниас эрс тэс ялгаатай байна

Нийслэл хотын олон байршилд ширэнгэн ой мэт газар төлөвлөлтгүй барилгууд сүндэрлэн боссоор байна. Энэхүү барилгуудын хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангасан байдал нь тун хангалтгүй. Гэвч үйл ажиллагаагаа явуулсаар байгаагийн үр дүнд ард иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирч буй тохиолдол цөөнгүй. 

Жил бүр нийслэл Улаанбаатар хотод барилга, үйлдвэржилттэй холбоотой осол гэмтлүүд гардаг. Тэр тусмаа барилгын ажил үргэлжлэх хугацаа буюу зуны улиралд ихэсдэг. Тодруулбал сүүлийн таван жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд 1033 үйлдвэрлэлийн осол бүртгэгдсэний 26.3 хувь буюу 272 осол нь барилгын салбарт гарч, 109 хүн нас барж, 98 хүн хүндээр бэртэж гэмтсэн бөгөөд энэ жилийн нөхцөл байдлыг өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулбал барилгын осол 30 орчим хувиар нэмэгдээд байгаа талаар мэдээлсэн юм.

Энэхүү осол гэмтлүүд нь үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль, дүрэм, заавар, стандартыг чанд мөрдөж ажилладагүйгээс шалтгаалж байна гэж үзсэний улмаас энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэн хүргэж байна.

ВИДЕО: 

Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар "Ногоон нуур 1008 айлын орон сууц" төсөл хэрэгжиж байгаа юм.

Тус барилгыг Хятадын талаас санхүүжүүлэхийн зэрэгцээ гүйцэтгэгч болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниа хариуцан ажиллаж байгаа юм.

Тодруулбал тус барилгыг БНХАУ-ын "Хятадын хоёр дахь Металлурги групп корпораци" ХХК гүйцэтгэлийг хариуцан барьж байгуулж байгаа бөгөөд 2022 оны зургаадугаар сараас барилгын ажил эхэлж, 2024 оны 12 дугаар сард дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж.

Тэгвэл тус барилгын компани хөдөлмөрийн аюулгүйн чанар стандартаа хэрхэн баримтлан ажиллаж буй нь Монголын барилга барьж буй компаниудад томоохон жишиг, стандарт боллоо гэхэд хэлсдэхгүй. Зузаан цэнхэр тороор барилгаа битүү бүрхэж, хэн нэгэн унах, осол аваар гаргахаас нэн сайн хамгаалжээ. Гэтэл "Ногоон нуур 1008 айлын орон сууц"-ны зэргэлдээхэн сүндэрлэн босож буй Монгол Улсын нэр нь үл мэдэгдэх барилгын компани хөдөлмөрийн аюулгүй байдлаа хэрхэн хангасныг харьцуулан харахад тэнгэр газар шиг ялгаатай байх аж. Монгол барилгын компани дан "ногоон тор"-ыг энд тэндээ татаж, аюулгүй байдлаа хангасан нь иргэд болон тухайн барилга дээр ажиллаж буй залуусын эрүүл мэнд амь насыг эрсдэлд оруулж болзошгүй дүр зураг харагдаж байгаа юм.

"Барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журам" гэж батлагдсан бөгөөд барилгын ажил эрхэлж буй аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг дагаж мөрдөхийг үүрэг болгосон. Үүний дотор аюул ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагаа хангахын тулд барилгын ажил гүйцэтгэгч компаниас шаардлагатай хөрөнгө санхүүг гаргаж гадна хашаа, шат, унах аюулаас хамгаалах тор, хаалт, татлага, аюултай бүсийг тогтоох хашлага зэргийг босгосон байх ёстой гэж заажээ. 

Гэвч барилгын ажил эрхэлж буй компаниуд нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчээр дан ногоон тор, хэзээ мөдгүй унах дөхсөн хашлагаар аргацаана. Үүнээс болж иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байх уу. Иймд дээрх журам дүрийг мөрдүүлж, Хятадуудын барилга барьж буй жишгээс үлгэрлэж, хөдөлмөрийн аюулгүй байдлаа сайтар хангаж ажиллах шаардлагатай байна.