Сар луу пуужин хөөргөсөн 47 жилийн дараах ОХУ-ын оролдлого бүтэлгүйтэж, "Луна-25" хөлөг осолдов

Сар луу пуужин хөөргөсөн 47 жилийн дараах ОХУ-ын оролдлого бүтэлгүйтэж, "Луна-25" хөлөг осолдов

ОХУ-ын "Луна-25" сансрын хөлөг саран дээр осолдсоныг мэргэжилтнүүд мэдээллээ. “Луна-25” сансрын хөлөг нь 1976 онд ЗХУ-ын үед анх сар руу пуужин хөөргөх хөтөлбөр хэрэгжүүлснээс хойш 47 жил өнгөрсний дараах анхны нислэг байсан юм.

Уг хөлөг наймдугаар сарын 10-ны өдөр хөөрсөн бөгөөд төлөвлөгөө ёсоор өнөөдөр буюу наймдугаар сарын 21-ны өдөр саран дээр газардах ёстой байсан хэдий ч өнгөрсөн бямба гарагт удирдлагаас гарч, сарны гадарга дээр унаж осолдсон байна. Энэхүү хөлгийг Энэтхэгийн "Чандраяан-3" хөлгөөс урьтаж сарны өмнөд туйлд газардуулахаар төлөвлөж байсан юм.

Учир нь сарны өмнөд туйлд нар тусдаггүйгээс мөс болон бусад химийн нэгдлүүд байх боломжтой гэж эрдэмтэд тооцоолж байжээ. Үүнээс урьд нь хүн төрөлхтөн Сарны өмнөд туйлд хүрч очсон удаагүй юм. 

ОХУ-ын сансар судлалын агентлааас гаргасан мэдэгдэлд, “Автомат станцын бүхээгт хэвийн бус нөхцөл байдал үүссэнээс болж тооцоолсон параметрийн дагуу тойрог замд орох маневр хийх боломжгүй боллоо” гэсэн байна.

Үүний дараа Ройтерс агентлаг мэдээлэхдээ, “Дээр дурдсан асуудал гарсны дараа Роскосмос Луна-25 хөлөгтэй холбоо тасарсан. Хөлөг тооцоолоогүй тойрог замд орж, Сарны гадарга дээр унаснаас болж сүйрсэн” гэжээ.

Луна-25 бол Оросын Холбооны Улсын сарны судалгааны хөтөлбөрөө дахин эхлүүлэх, сансар судлалын салбар дахь технологийн хүч чадлаа харуулах гэсэн томоохон ажил байсан юм.

Төлөвлөгөө ёсоор сарны байнгын харанхуй хэсэгт оршдог өмнөд туйлд газардаж, сарны хөрсийг судлах, мөс цэвдгийн ул мөр илрүүлэх ёстой байв. Мөс илрүүлсэн бол цаашид хүмүүс саран дээр бааз байгуулахдаа мөсийг агаар болгон хувиргах, пуужингийн түлш хийхэд ашиглах гээд олон судалгааны ажлын эхлэл тавигдах байжээ.

Тус хөлөг дээр мөн сарны хөрсний дээжийг шинжилж, химийн бүтцийг тодорхойлох, сарны соронзон орон болон плазма орчныг судлах чухал тоног төхөөрөмжүүд тээвэлэгдэж байсан аж. Бямба гарагт Роскосмос агентлаг олон нийтэд хандаж, эдгээр төхөөрөмжүүд эхнээсээ Дэлхий рүү олж авсан мэдээллүүдээ дамжуулж эхэллээ гэж мэдэгдэж байсан юм. Мөн сарны хөрсний химийн элементүүдийн талаарх мэдээлэл явуулж, хөлөгт бичил солирын цохилт мэдрэгдсэн гэжээ. Роскосмос мөн Луна-25 хөлгийн камераар авсан сарны зургуудыг ч олон нийтэд танилцуулсан юм. Зураг дээрээс сарны өмнөд хагас дахь хамгийн том солирын тогоо болох Зийманы солирын тогоо харагдаж байв. Уг солирын тогоо нь 190 километрийн диаметртэй, 8 километрийн гүн хонхорхойтой байжээ.

ЗХУ задарснаас хойш уналтад орж, өрсөлдөгч улс орнуудаасаа хол хоцорсон Оросын сансар судлалын салбарт Луна-25 хөлгийн сүйрэл том цохилт боллоо.

Хамгийн сүүлд ЗХУ-ын удирдагч Леонид Брежневийн үед буюу 1976 онд Луна-24 хөлгийг сар руу илгээж байснаас хойш Оросууд сар луу ямар ч сансрын нислэг хийгээгүй юм. Харин Луна-25 хөлөг нь өмнө нь аль ч улсын хөлөг газардаж байгаагүй сарны өмнөд туйл орчимд зөөлөн газардалт хийх онцгой даалгавартай байжээ.