Баян-Өлгий аймагт 3 мянган төгрөгөөр Алтайн сугас загас, 4 сая 440 мянган төгрөгөөр Алтайн угалз агнах дуудлага худалдаа болно

Баян-Өлгий аймагт 3 мянган төгрөгөөр Алтайн сугас загас, 4 сая 440 мянган төгрөгөөр Алтайн угалз агнах дуудлага худалдаа болно

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 215 дугаар тушаалаар тухайн онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо, хэмжээ, зүйлийг баталсан.

Тус тушаалаар Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс 8 угалз, 27 тэх, 5 халиун буга, 8 зэгсний гахай агнахыг зөвшөөрсөн аж. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2023 онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах, барих загасны дээд хязгаарыг 15 тонн байхаар тогтоосон байна.

Иймд аймгийн ЗДТГ-аас тусгай зориулалтаар агнуурын амьтад болон загас агнах, барих зөвшөөрөл олгох цахим дуудлага худалдааг зохион байгуулахаар зарлаад байна. Тус дуудлага худалдаагаар 4 толгой Алтайн угалз (Ovis ammon), 15 тонн Алтайн сугас загас, 6 толгой зэгсний зэрлэг гахай (Sus Scrofa) агнах зөвшөөрөл өгнө.

Аймгийн ЗДТГ-аас өгсөн мэдээллээр 1 толгой Алтайн угалзын босго үнэ 4 сая 440 мянга, зэгсний гахай 1 сая 133 мянга, 1 ширхэг Алтайн сугас загас 3 мянган төгрөгийн үнэтэй байна. Дуудлага худалдааг энэ сарын 28-ны өдөр зохион байгуулах аж.