Г.Хажидмаа: Сүрьеэгийн халдварыг илчилснийх нь төлөө шүүхэд өгч, аймшигтайгаар дарамталсан байсан

Г.Хажидмаа: Сүрьеэгийн халдварыг илчилснийх нь төлөө шүүхэд өгч, аймшигтайгаар дарамталсан байсан

Нийслэлийн 15 дугаар сургуулийн 529 сурагч сүрьеэгийн халдвар авсан талаарх мэдээлэл 2019 тавдугаар сарын 14-ний өдөр анх олон нийтийн хэвлэл мэдээлийн хэрэгслүүдээр цацагдсан. Улмаар халдвар авсан сурагчдын эцэг, эхчүүд ч уг асуудлыг хүндээр хүлээн авч, эмчилгээ хийлгэх эм нь элгэнд сөргөөр нөлөөтэй хэмээх мэтгэлцээн дэгдсэн билээ. Сургуулийн сурагчдын сүрьеэгийн асуудлыг нийгэмд дэлгэж шүгэл үлээсэн хүмүүсийн нэг болох “Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” ТББ-ын тэргүүн Г.Хажидмаатай бид цөөн хором ярилцлаа.

-Хамгийн анх Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 500 гаруй сурагчаас сүрьеэгийн нян илэрснийг эцэг эхчүүд нийгэмд мэдээллэж шүгэл үлээсэн явдал болсон. Ийм олон хүүхэд сүрьеэгийн халдвартай гэдгийг анх хэрхэн олж мэдэж байв?

-ДЭМБ-аас сүрьеэгийн талаарх тандалт судалгааг 2016 оноос хойш Засгийн газарт өгсөн байдаг юм билээ. Тавдугаар сарын дундуур Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд 500 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авсан гэдэг мэдээлэл дэлгэгдлээ. Эл мэдээллийн араас 97 дугаар сургуулийн 70 гаруй, Төв аймагт 200 гаруй сурагчаас халдвар илэрсэн байдаг. Нийт 47 багшаас 43 нь халдвартай, нэг багш өвчлөлтэй гэсэн тоон үзүүлэлт гарсан. Энэ мэдээлэл тархснаас хойш эрүүл мэндийн салбар сэхээнд орчихсон нь бүрэн батлагдсан гэж хэлж болно. 76 ба түүний нөхөд гадаад гараад өөрсдийгөө эмчлүүлчихдэг болсон. Гэтэл дунд шатны хүмүүс эмнэлгээр үзүүлэх гэхэд цалингийн хэмжээнээс илүү өндөр үнэ өртөгтэй тулгардаг. Халдварт өвчин судлалын үндэсний төв, хавдарын эмнэлэгт өдөрт 12 хүн амь насаа алдаж байна. Энэ тоон үзүүлэлтээс харахад эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн бус сайд авч явж чадахгүй байгаа. Компьютер засдаг хүн, хүнд хагалгаа хийж чаддагүйтэй адил сэтгүүлч хүн арван жил өвчтөн асарсан эмчийн хаана нь ч хүрэхгүй.

-2017 оноос хойш сүрьеэгийн асуудлыг нуун дарагдуулж байсан гэдэг мэдээлэл мөн гарсан шүү дээ. Та бүхэн ийм олон хүүхдийн сүрьеэгийн асуудлыг анх яаж мэдэж байв?

-ДЭМБ-ын “Глобал сан”-гаас 1000 хүүхэд тутмын 100 нь халдвартай гэдэг тоон үзүүлэлтийг гаргаж байсан. Үүнээс улбаалж Д.Сарангэрэл сайд 15 дугаар сургуулийн сурагчдын дунд сүрьеэгийн халдвар ямар байгааг шалгаж үзтэл тахлын хэмжээнд тархсан дэндүү аймшигтай тоо гарсан.

-Та бүхэн шаардлага гаргаж, тэмцэл эхлүүлээд хичнээн хоног өнгөрөв. Шаардлагад ямар хариу өгсөн бэ?

-Бид 2019 оны тавдугаар сарын 15-нд анх шаардлага хүргүүлсэн. 15 хоног тэмцлээ. Одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна. Гэтэл саяхан Д.Сарангэрэл сайд “ТВ5” телевизээр дамжуулан мэдээлэл өгсөн байсан. Ярьж байгаа зүйл нь үнэхээр ичмээр, шившигтэй, сайд хүний амнаас гарамгүй үгс унагасан. Хэрүүлийн шинж чанартай мэдэгдэл хийсэн нь үнэхээр харамсалтай. Болчимгүй үг хэлснийхээ төлөө Японы засгийн газрын гишүүн суудлаасаа огцорч байхад, манай сайд сандал ширээтэйгээ зууралдаад бидэнтэй хэрүүл хийгээд сууж байна.

-Ялангуяа сүрьеэгийн халдварын асуудалд ямар байр суурь илэрхийлэв?

-Одоогоор бидэнтэй албан ёсоор уулзаагүй. Дэд сайд нь гарч ирж бидний шаардлагыг хүлээж авсан. Ингэхдээ дээрэнгүй, доромжилсон хандлага гаргасан шүү. Сүрьеэгийн халдварын 70-80 хувь нь нийгмийн асуудалтай холбоотой байдаг. Иргэд нь махаа худалдаж авч чадахгүй хэмжээнд хүртлээ доройтчихлоо. Мөн ДОХ, тэмбүүгийн халдвар Монголыг нөмөрчихөөд байна.

-“Сүрьеэгийн асуудал буюу өвчнөөр улс төржихөө боль” гэсэн байр суурийг илэрхийлсэн шүү дээ. Та нар үнэхээр улс төржөөд байгаа юу?

-Улс төржих шаардлага бидэнд байхгүй. Нийгмийн бодит байдал ямар болчихоод байгаад нүдээ нээгээд харах хэрэгтэй. Дан ганц сүрьеэ биш тэмбүү өвчний судалгаа аюулын харанга дэлдээд байна. Чимээгүй тахал улс орныг чинь нөмөрчихлөө. Сүрьеэг асуудал биш, биднийг улс төржиж байна гэдэг нь сайд хүний амнаас багтаж гарамгүй үг.

-Таныг Хан-Уул дүүргийн сургуулийн сурагчдын сүрьеэгийн асуудлыг хөндөж гаргаж ирэх үед сургуулийн нэр хүндэд халдлаа гэх шалтгаанаар шүүхэд хандаж 4 сая төгрөгийн торгууль ногдуулсан гэдэг мэдээлэл бий?

-Тухайн Хажидмаа нь миний аминдай. Үндэслэлгүй мэдээлэл тарааж сургуулийн нэр хүндэд халдсан гэх шалтгаанаар шүүхэд дуудагдсан байсан. Улмаар 4,7 сая төгрөгний хохирлыг нэхсэн гэдэг. Тэгээд шүүхээс нэхэмжилсэн мөнгийг өгөх шаардлагагүй гэж үзээд, 72 мянган төгрөгөөр торгоод өнгөрсөн байна лээ.  Хажидмаа гэдэг хүнтэй би өөрийн биеэр очиж уулзсан. Гэтэл “дээрээс” тухайн эмэгтэйг аймшигтайгаар дарамталсан байсан. Тиймээс нийгэмд ил гарахыг хүсээгүй. Шүүхийн байгууллага халдварт өвчнийг ил гаргасных нь төлөө торгож байгаа нь Монголд хуулийн байгууллага ямар хэмжээнд хүрснийг харуулж байна.

-Одоо хэдхэн сургуулийг тойрсон сүрьеэгийн халдвар тархалтын асуудал хөндөгдөж байна. Цаашид илүү олон сургуулийн сурагчдын үзлэг шинжилгээнд хамруулах талаар та бүхэн ямар шаардлага тавьж байна вэ?

-Энэ бол өнөөдрийн хэдхэн сургуулийн асуудал биш. Зөвхөн сургууль гэлтгүй хүн амаа үзлэг шинжилгээнд хамруулах хэрэгтэй байна. Ганцхан сургуулийн 500 хүүхдээс халдвар илэрч байхад тэдгээрийн ар гэр, хамаатан  садан гээд хичнээн хүн цаана нь байгааг бодох хэрэгтэй. Аймшигтай тоон үзүүлэлт гарах байх. Улс орон даяар яаралтай шинжилгээ хий гэж шаардаж байна.

-Эцэг эхчүүдийн дунд сүрьеэгийн эм уух, уухгүй байх тухай асуудал багагүй маргаан дагуулсан. Та бүхнээс зөвлөгөө авч хандаж байгаа тохиолдол хэр их байсан бэ?

-Төв аймгийн Сүмбэр сумын сургууль сурагчдаа зэрэгцүүлж зогсоож байгаад эм өгч байсан гэдэг мэдээлэл бий. Бидэнд эцэг эхчүүд болон өвчилсөн хүмүүс хандаж байгаа. “Одоо бид яах ёстой вэ, энэ эмийг өдөр бүр уусаар дасал болох уу” гэж асуудаг. Ууж байгаад ганцхан өдөр тасалвал эмэнд дасалтай болж, элгэнд муугаар нөлөөлдөг. Мөн эмийн харшилтай болсоор байна. Гэтэл олон улсад долоо хоног уудаг эм гарсан. Үүнийг ЭМЯ зохицуулаад оруулаад ирэх бүрэн боломж бий. Энэ аймшигтай тахлыг яаралтай таслан зогсоохын тулд Эрүүл мэндийн сайдыг өөрчилж, сурагчдыг яаралтай үзлэг шинжилгээнд хамруулж, зохих эм тариа өгөх ажлыг нэн тэргүүнд хийх хэрэгтэй. Бидний гол шаардлага энэ юм. Мэргэжлийн салбарт мэргэжлийн хүнийг тавь гэдэг шаардлагыг удаа дараа хүргүүллээ. Манай “Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” ТББ-ын зүгээс анх ЭМЯ-нд шаардлага хүргүүлсэн. Харин АН-ын эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн Ж.Амарсанаа бидэнтэй холбогдож хамтран тэмцэж байна.

-Сургуулийн сурагч сүрьеэгээр нас барсан асуудлыг нуун дарагдуулсан тухай мэдээлэл ч гарсан. Үүний араас хөөцөлдөж үзэв үү?

-Халдварт өвчнөөр хүний амь эрсэдсэн асуудлыг нуун дарагдуулна гэдэг байж болшгүй асуудал. Цаашлаад хуулийн хариуцлага хүлээх заалттай. Иймд бид яамнаас сүрьеэгийн халдварын талаарх тоон мэдээллийг бодитоор нь гаргаж өгөхийг шаардаж байна. Гэтэл нуугаад өгөхгүй байгаа. Мэдээллийг нуун далдлахгүй ил зарлавал иргэн бүр ядаж өөрийгөө хэрхэн хамгаалах тал дээр анхаарч эхэлнэ. Сайд нь энэ хэмжээнд анхаарахгүй бидэнтэй хэрүүл хийгээд суугаа нь гутамшигтай. Сайд бодлогоо барьж ажиллаж чадахгүй байна. Тиймээс Д.Сарангэрэл сайд Монголын ард түмнээс уучлал гуйгаад огцорч, салбараа мэддэг мэргэжлийн хүн томилогдох ёстой гэдэг шаардлагыг бид дахин дахин тавьж байгаа юм. Тэрнээс биш бид нар эмч нар луу дайраагүй. Дайрах ч үгүй. Учир нь эмч нар хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө, Монголын эрүүл мэндийн салбарын төлөө чадлаараа ажиллаж байгаа хүмүүс. Өнөөдөр захын дүүргийн эмнэлэгт ороод харахад ямар хүнд хэцүү нөхцөл угтахыг хар. Иргэд ямар хэцүү нөхцөлд эмчлүүлж байна, эмч нар ямар хэцүү нөхцөлд ажиллаж байгааг бодож, хөгжих цаг болсон.

-Та бүхний шаардлагыг  хүлээж авч, хариу өгөхгүй бол цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Бидний жагсаал, тэмцэлд орон нутгаас ирж нэгдэж байгаа хүмүүс маш олон байна. Саяхан хэвлэлийн хурал хийсэн. Зургадугаар сарын 01-нээс өмнө сайд ямар нэгэн хариу ирүүлэхгүй бол олон эмэгтэйчүүд нэгдэж ЭМЯ-ны үүдэнд үсээ хусах тэмцлийн хэлбэрт шилжинэ. Цаашид хуурай өлсгөлөн зарлах хэмжээнд хүртлээ тэмцлээ үргэлжүүлнэ.

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ