БГД-ийн газар нутагтай тэнцэх хэмжээний усыг бохирдуулахаас сэргийлж, эко системийг хамгаалав

БГД-ийн газар нутагтай тэнцэх хэмжээний усыг бохирдуулахаас сэргийлж, эко системийг хамгаалав

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хөвсгөл аймгийн Хатгал тосгон орчимд нуурын эргээс 428 м зайтай, 36,8 метрийн гүнд 2016 онд живсэн катерийг тусгай зориулалтын техник хэрэгсэл ашиглан татан гаргалаа.

Мөн 2021 онд татан гаргасан Сүхбаатар хөлөг онгоцны доод ёроол хэсэг дотор байсан 13 тн бохирыг тусгай зориулалтын бохир сорогч автомашинаар соруулан, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн ажлын албатай хамтран нотломж үйлдэж, холбогдох дүрэм, зааврын дагуу устгав.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн гурван сарын хугацаанд долоон нэгж тээврийн хэрэгслийг татан гаргаж, 47,7 тн бохирдлыг аюулгүй болгосноор Баянгол дүүргийн газар нутагтай тэнцэх хэмжээний цэнгэг усыг бохирдуулахаас урьдчилан сэргийлж, эко системийг хамгаалсныг ОБЕГ мэдээллээ.

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийн байршлыг илрүүлж тогтоох, татан гаргах ажиллагааг Хатгал тосгонд үргэлжүүлэн зохион байгуулж байгаа юм.