Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж нь энэ оны наймдугаар сарын 10-11-нд шилжих шөнө 57 настай иргэнийг автомашинаараа мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр мэдэгдэлдээ, "Миний бие хэд хоногийн өмнө авто тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргаж, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг явдал болсон. Гэнэтийн энэ явдалд одоо ч харамсаж, цочирдсон хэвээр байна. Хохирогчийн гэр бүл, үр хүүхэд, ахан дүүсээс дахин дахин уучлалт гуйж, гүн эмгэнэл илэрхийлье.

Осол гарах үеэр би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, зүүрмэглэж нойрмоглоогүй явсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан орон зайд, харанхуй шөнө энэ явдал болсон. Хүн бүр хуулийн өмнө адил тэгш эрхтэй, бас үүрэгтэй. Иймд Өвөрхангай аймгийн Засаг даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр Монгол Улсын Ерөнхий сайдад хүсэлтээ гаргасан бөгөөд хэргийг холбогдох хууль журмын дагуу шалгуулж шийдвэрлүүлэхээ албан ёсоор мэдэгдэж байна.

Миний бие 1999 оноос эхлэн төрийн анхан шатны нэгжээс аймгийн удирдлага хүртэлх албан тушаалыг 24 жилийн туршид хашиж ирлээ. Энэ бүх хугацаанд нутаг орныхоо хөгжлийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хууль журмыг дээдэлж, ёс зүйг эрхэмлэж, сахилга хариуцлагыг мөрдлөг болгож, хүн чанар, эх нутгаа гэсэн сэтгэлээр хичээн ажиллаж ирсэн гэдгээ хэлэхийг хүсэж байна. Намайг дэмжиж, итгэл хүлээлгэж, хамтран ажиллаж ирсэн үе үеийн хамт олон, журмын нөхөд, иргэд та бүхэндээ талархал илэрхийлэхийн хамт чин сэтгэлийн уучлалт хүсье. Нутаг орон минь хөгжин дэвжиж, хүн олон минь амар амгалан байг. Хүндэтгэсэн:А.Ишдорж" гэжээ. 

Харин Өвөрхангай аймгийн дараагийн засаг даргад ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, аймгийн засаг даргын орлогч И.Доржсүрэн, ИТХ-ын төлөөлөгч О.Сумъяасүрэн нарын нэр яригдаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.