О.Цэлмэг: Булганы цагдаагийн газраас миний утасны бүх дуудлагыг шалгаж байгаа. Цаашид дарамт шахалт их ирэх байх, гэхдээ айхгүй байна /ВИДЕО/

О.Цэлмэг: Булганы цагдаагийн газраас миний утасны бүх дуудлагыг шалгаж байгаа. Цаашид дарамт шахалт их ирэх байх, гэхдээ айхгүй байна /ВИДЕО/

Булган аймгийн цагдаагийн газрын ахмад О.Цэлмэг тус байгууллагын үндэслэлгүй цалин хасдаг, шахаж хавчдаг хууль зөрчсөн үйл ажиллагааг олонд дэлгэж "шүгэл" үлээсэн юм.  Иймд бид Цагдаагийн ахмад О.Цэлмэгтэй холбогдож, цагдаагийн алба хаагчдын цалин, түүний цалинг хассан үндэслэл, мөн одоогийн байдлаар ямар нөхцөл байдалд байгаа талаар асууж ярилцлаа.

ВИДЕО: 

Тэрбээр, "Энэ байгууллага нь шударгаар үгээ хэлсэн хүнд халтай, адлах дуртай, хавчиж шахах тал дээр маш сайн. Шударга үг хэлсэн алба хаагчийг гадуурхаж, тал зассан алба хаагчдыг сайн гэж дүгнэдэг асуудлаа одоо орхих хэрэгтэй. Цагдаагийн байгууллагад нийт 10 мянга гаруй албан хаагч ажилладаг. Над шиг мянга мянган залуус чимээгүй хохирч байх вий гэсэн үүднээс энэ асуудлыг олонд дэлгэсэн.

Энэ Булганы цагдаа яачихсан газар вэ? үнэхээр ойлгохгүй юм. Мөрөөрөө ажлаа хийгээд явахад ад үзнэ, цалин хасна. Асуухаар ямар ч үндэслэлгүй хасдаг.

Нэгдүгээр улиралд хүүхэд хамгааллын нэгдсэн арга хэмжээний тайлан мэдээг хоцроосон, Булганы цагдаагийн газар 21 аймгаас 20-д орсон гэх үндэслэлээр цалинг 20 хувь хассан. Надтай нийлээд бараг 30 орчим албан хаагч бий. Мөн 2023 оны дөрөвдүгээр сард Булганы цагдаа үүд хаалга засах нэрийдлээр 140 гаруй албан хаагчийн нэг өдрийн цалинг авсан. Би гэхэд л 93600 төгрөгийг шилжүүлж өгсөн байдаг. Ингээд дараагийн хагас жил үндсэн үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэх шалтгаанаар дахин 42 албан хаагчийн цалингийн 10 хувийг хасчихсан.

Ер нь л үг, үзэл бодлоо илэрхийлсэн алба хаагчдыг хавчиж, шахах байдал ажиглагддаг. Булганы цагдаагийн байгуулалагад ялангуяа. Үүнийг нутгархаг үзэл гэх юм уу хэлж мэдэхгүй байна. Одоогийн байдлаар намайг шалгаж байгаа. Энэ албан шалгалтын хүрээнд миний утасны орж гарсан бүх дуудлага, мэдээллийг шалгаж байгаа. Энэ чинь өөрөө хууль зөрчсөн, хүний эрхэд ноцтой халдаж буй үйлдэл. Би өөрөө мөрдөгч байсан хүн. Энэ ажлыг маш сайн мэднэ. Албан шалгалт гээд хүний утсыг хянаад байвал энэ улс орны хууль юу болж хувирах вэ.

Би хэн нэгний хувийн мэдээлэл рүү халдаж, хэн нэгний нэр төрийг гутаан доромжлоогүй. Тиймээс миний яриад байгаа энэ асуудлыг тагнуул ч юм уу, авлигатай тэмцэх газар шалгуулах хүсэлтэй байгаа.

Би уг нь гадаадад цагдаагийн сургууль төгссөн боловсон хүчин. Энэ мэргэжилдээ дуртай. Ийм зүйлээс болоод хүсэл эрмэлзлээ мохоомооргүй байна.

Өмнө өөр газруудаар ажиллахад яг ийм бүдүүлэг асуудалтай тулгарч үзсэнгүй дээ. Зарим хүмүүс намайг чи ингэж хэл ам хийх хэрэг байна уу, усыг нь уувал ёсыг нь дагах хэрэгтэй гэж хэлэх юм. Энэ бол маш буруу. Ийм бүдүүлэг, ёс суртахуунгүй, хүний эрхийн мэдрэмжгүй, ажилтан алба хаагчийнхаа аж амьдралыг тоодоггүй, хөсөр хаядаг Булганы Цагдаагийн эрхэм хүндтэй мундаг дарга нартай хэзээ ч эвлэрэхгүй. Би нялх нойтон хүүхэдтэй, гэр бүлээрээ хүний нутагт уг нь ажиллаж амьдрахаар ирсэн юм. Даанч цаашид ажиллах боломжгүй болж байх шиг байна" гэлээ.