ШАЛГАЛТ: Хөгжлийн банкинд барьцаалагдсан Белазийг "Эрдэнэт"-д шахаж, захирлууддаа ЗЭЭЛИЙН КАРТ хэрэглүүлжээ

ШАЛГАЛТ: Хөгжлийн банкинд барьцаалагдсан Белазийг "Эрдэнэт"-д шахаж, захирлууддаа ЗЭЭЛИЙН КАРТ хэрэглүүлжээ

ЛОГИК: “ЭРДЭНЭТ” ХОЁР ЖИЛИЙН ОРЛОГОТОЙГОО ТЭНЦЭХ МӨНГӨӨР ГУРВАН ЖИЛД “ГАРАА УГААДАГ” УУ

“Эрдэнэт” үйлдвэрийн 2016-2019.03 дугаар сар хүртэлх үйл ажиллагааг шалгахад 2.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн. 2.2 их наяд төгрөг гэдэг нь 2019 оны төсвийн орлого /9.6 их наяд/-ын 22.9 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө юм. Цаашлаад “Эрдэнэт” үйлдвэрийн 2015, 2016 оны орлоготой тэнцэж буй мөнгөн дүн билээ.

Үнэхээр 2.2 их  наяд төгрөгийн зөрчил илэрсэн нь үнэн бол, “Эрдэнэт” үйлдвэр бүхэл бүтэн ХОЁР ЖИЛИЙНХЭЭ ОРЛОГО, НЭГ ЖИЛИЙН ЗЭСИЙН БАЯЖМАЛ БОРЛУУЛСАНТАЙ ТЭНЦЭХ мөнгөөр гурван жил “ГАРАА УГААДАГ”  гэсэн дүгнэлт гарч байгаа юм.

Тэгвэл ийм их хэмжээний зөрчил гарчихаад байхад Засгийн газар нэг удаа мэдэгдэл хийгээд өнгөрөх үү. Яагаад Сангийн сайдын мэдэгдлийн дараа Дархны төмөрлөгийн үйлдвэр 87 тэрбум, Хөтөлийн цементийн үйлдвэр 103 тэрбум төгрөгийн гэрээний урьдчилгаа авсан гэх асуудлыг ҮГҮЙСГЭЖ мэдэгдэл хийв. Шалгалтын дүн үнэхээр бодьтой юу. Яг ямар зөрчлүүд илрэхээрээ 2.2 их наядад хүрэв зэрэг асуултууд хариултгүй үлдсэн юм.

Тиймээс Сангийн яам, Монголбанк, ТӨБЗГ, МХЕГ, Татварын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгээс гаргасан ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛЫН ОЛОН НИЙТЭД ИЛ БОЛООГҮЙ ХЭСГҮҮД дээр ажиллаж, зарим онцлох мэдээллүүдийг дараах байдлаар бэлтгэн хүргэж байна.

ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛААС:

НЭГ: 49 ТАЛД НОГДОЛ АШИГ ШИЛЖҮҮЛЭХ БИЧИГТ ТӨРИЙН ӨМЧИЙГ САХИГЧ Х.БАДАМСҮРЭН ГАРЫН ҮСЭГ ЗУРАХГҮЙ “БУЛТСАН” УУ

“Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнгийн үед Ерөнхий захирлын эзгүйд дэд захирал 100 сая, тэргүүн дэд захирал 500 сая төгрөгийн зарлагын гүйлгээнд гарын үсэг зурах эрхийг нээж өгч байж. Уг эрхийн хүрээнд 2018 онд “Эрдэнэт”-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу удирдлагын гурван хүний гарын үсгийг  ганцаараа зурж, “Монголын зэс” талд ногдол ашигтай холбоотой 33.7 тэрбум төгрөг шилжүүлэх нөхцөл бий болгосон гэж шалгалтын материалд дурджээ.

Энэ үед “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн эзгүй байсан гэж тэмдэглэсэн байна.Гэхдээ  “Монголын зэс” талд шилжүүлсэн ногдол ашиг үүгээр хэмжигдэхгүй. Энэ нь зөвхөн 2015, 2017 оны ногдол ашиг байсан гэж шалгалтын материалд дурджээ. Үүнээс гадна 2012, 2013 онуудад хамаарах ногдол ашиг болох 55.8 сая ам.долларыг хувийн хэвшил талд 2016.07.28-нд шилжүүлсэн гэж дурдсан байна.

Дээрх хугацаа нь “Эрдэнэт” үйлдвэрийн өнөөгийн захирал Х.Бадамсүрэнгийн үед хамаарахгүй байна. Хэдий тийм ч 2018 онд шилжсэн 33.7 тэрбум төгрөг дээр Гүйцэтгэх удирдлага хяналт тавиагүй.

Сахин хамгаалж буй төрийн өмчөөсөө бултаж, зориудараар “хийдэл” үүсгэсэн мэт дүр зураг харагдаж байгаа юм.

Учир нь, “Эрдэнэт” үйлдвэрийн өнөөгийн удирдлага Х.Бадамсүрэн нь төр, хувийн хэвшлийн зөвшилцлөөр томилогдсон хууль ёсны Гүйцэтгэх захирал байсан. Тухайн үедээ 49 талтай зүй зохистой харилцаатай гэгддэг байсан ч яг гарын үсэг зурах явцад зориуд бултсан мэт хардлага төрүүлж байгаа юм.

ХОЁР: ГУРВАН ЖИЛИЙН ДОТОР 2.1 ТЭРБУМЫН ХАНДИВ ӨГЧ, 1.1 ТЭРБУМЫН БЭЛЭГ ДУРСГАЛЫН ЗҮЙЛ ХУДАЛДАН АВЧЭЭ

“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаал, хамтын ажиллагааны гэрээ, байгууллагуудыг хүсэлтийг үндэслэн 2016 онд 1.1 тэрбум, 2017 онд 324.5 сая, 2018 онд 755.3 сая, НИЙТ: 2.1 тэрбум төгрөгийг ХАНДИВ ТУСЛАМЖААР ОЛГОЖЭЭ. Үүнд, иорины уралдаан, уяачдын холбоо, Эрхүү хотын төгсөгчдийн холбоо, зохиолчид, МҮОНРТ, тэмдэглэлт ойтой байгууллагууд зэрэг багтсан байна. Тусламжаар олгосон мөнгө нь байгууллагад эргэн ордоггүй билээ.

Улмаар “Эрдэнэт” үйлдвэр нь 2016 онд 303.2 сая, 2017 онд 128.2 сая,  2018 онд 661.7 сая , 2019 оны эхний гурван сард 33 сая төгрөгийг БЭЛЭГ ДУРСГАЛЫН ЗҮЙЛ ХУДАЛДАН АВАХАД хэрэглэжээ. Энэ нь нийлбэр дүнгээрээ 1.1 тэрбум төгрөгт хүрч байгаа юм. Бэлэг дурсгалын зүйлийн дэлгэрэнгүй задаргааг доор харуулав.

ГУРАВ: ХӨГЖЛИЙН БАНКИНД БАРЬЦААЛСАН БЕЛАЗ-75131-ЫГ “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРТ ЗАРСАН БАЙЖЭЭ

“Кью Си Эс” компаниас Сэлэнгэ аймгийн Төмөртэйн уурхайд ашиглаж байсан Белаз-75131 маркийн автомашинийг “Эрдэнэт” үйлдвэрт худалдсан байна. Уг автомашинуудыг нийт 3.6 сая ам.доллар буюу 8.8 тэрбум орчим төгрөгөөр худалдан авчээ. Гэрээний хүрээнд төлбөрийг гурав хуваан шилжүүлсэн гэж шалгалтын материалд дурдсан байна.

Зураг: Үйлдвэрт зарагдсан Белаз-75131 маркийн автомашин

Хамгийн сонирхолтой нь, уг хоёр Белаз-75131 маркийн автомашин нь “Кью Си Эс” компанийн Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлийн барьцаанд байсан техник аж. Тиймээс ч холбогдох хуулиуд зөрчсөн гэж үзэн, улсын ахлах байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн гэж материалд тэмдэглэсэн байна.

ДӨРӨВ: ЛАНД-200 МАШИНЫГ ХУВИЙН ГРАШТ “НУУЖ”, ЗАРИМ АЖИЛЧДАД ЗЭЭЛИЙН КАРТ АШИГЛУУЛСАН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

Шалгалтын үеэр үйлдвэрийн машиныг тоолоход нэг ширхэг Тоёота Ланд Крузер-200 машин дутсан байна. Уг машин нь Орхон аймгийн нэгэн байрны подвальд байснаар олдсон бөгөөдтүлхүүрийг нь Хууль эрхзүйн газрын даргаар ажиллаж байсан Н.Цэрэнбадам авсан гэх тайлбарыг жолооч өгсөн гэж шалгалтын материалд дурдсан нь анхаарал татав.

Зураг: Хувийн граш дахь Тоёота Ланд Крузер-200 машин

Улмаар “Эрдэнэт” үйлдвэрийн Тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Б.Шинэбаатар, Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбилэг, одоогийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Т.Батмөнх нар 5 мянган ам.долларын лимит бүхий ЗЭЭЛИЙН КАРТ эзэмшиж байсан гэж дурдагдсан байна.

Мөнхүү “Эрдэнэт” үйлдвэрээс Орхон аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга тэргүүтэй албан тушаалтнуудад 7 төрлийн жийп машиныг ХУДАЛДАН АВАХАД ЗОРИУЛЖ, НИЙТ 579.5 сая төгрөг гаргажээ.

Энэ нь ТӨБЗГ, ТУЗ-ийн зөвшөөрөлгүй олгогдсон, холбогдох журмуудыг зөрчсөн зөрчил гэж үзэгджээ. Дээр дурдсан мэдээллийг зөвхөн шалгалтын материалд үндэслэн бичив.

ТАВ: ТОМООХОН ЗӨРЧЛҮҮДЭД ЮУ ЮУ БАГТАВ

Ж.МЯДАГБАДАМ