ВИДЕО: Засаг даргын албадан буулгах тухай захирамж гарсан “Акуа гарден” хотхоны 2 блок, “S Outlet”, “Шунхлхй ШТС”-ыг нураах ажил эхлээгүй байна

ВИДЕО: Засаг даргын албадан буулгах тухай захирамж гарсан “Акуа гарден” хотхоны 2 блок, “S Outlet”, “Шунхлхй ШТС”-ыг нураах ажил эхлээгүй байна

Энэ зун нийслэлд тохиосон их үер, усны гамшгийн дараа усны далан, суваг, шуудууг хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагаас шалгаж эхлээд буй.

Голын суваг шуудууг хааж, голын гольдролыг өөрчилсөн гэх гурван байршил дахь барилгыг албадан буулгах Нийслэлийн засаг даргын захирамжийг хүргүүлсэн юм. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах Алтай хотхоны урд зам дагуух "Шунхлай ШТС", "S Outlet", "Акуа гарден" хотхоны голын хамгаалалтын бүсэд барьсан хоёр блок барилгыг албадан буулгах Нийслэлийн засаг даргын захирамжийг наймдугаар сарын 31-ны өдөр хүргүүлсэн. Иймд бид энэ удаагийн сурвалжилгаараа эдгээр барилгуудыг нурааж эхэлсэн талаар сурвалжилан хүргэж байна

ВИДЕО:

Биднийг "Шунхлай ШТС" дээр очиход уржигдар хуулж эхэлсэн аспальтан замнаас өөр буулгаж нураасан зүйл байгаагүй юм. Энэхүү ШТС нь голын гольдролыг өөрчлөн барьснаас үүдэж ойр орчмын барилгууд усанд автсан гэж шинжээчид үзэж буй. Тус компани шатахуун түгээх станц барих зөвшөөрлийг 2013 онд авч, 2014 онд ашиглалтад оруулжээ. Тухайн үед станцын ард орон сууцны хорооллууд баригдаагүй байсан аж. Тэгвэл 2012 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж буй Усны тухай хуульд дараах зүйлийг тусгажээ.

3.1.4."усны сан бүхий газар" гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг;

22.2.Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно.

  • 22.2.1.онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно.
  • 22.3.Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно.
  • 22.8.Гол, мөрний байгалийн үндсэн голдирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэргүйгээр өөрчлөхийг хориглоно гэж заасныг үндэслэн харвал яах аргагүй хууль тогтоомжоо зөрчиж, газар олгосон, ШТС барьсан байгаа юм.

Дараагийн байршил бол "S Outlet". Биднийг очиход тууз татаж, битүүмжилсэн байлаа. Холбогдох ажилтнаас хэзээ нүүх, хэзээ буулгах талаар мэдээллийг тодруулахад, "Одоогоор ачаа бараагаа зөөж байна. Буулгах талаар мэдээлэл байхгүй" гэлээ. Тус барилгыг нураах ажил мөн л эхлээгүй байх аж. Тус барилга нь голын даланг шахаж барьсан байгаа нь үерийн даланг сэтрэх нөхцлийг бүрдүүлж буй. "S Outlet" дэлгүүрийн удирлагууд Нийслэлийн засаг даргын албадан нураах захирамжийг эсэргүүцэж байгаа бөгөөд хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл хийх, гомдолтой байгаа талаараа албадан буулгах Нийслэлийн засаг даргын захирамжийг хүргүүлэх үеэр хэлж байсан юм.

Мөн "Эм энд Жи" констракшны "Акуа гарден" хотхоны талбай дунд голын усны гольдролыг өөрчилсөн, голын хамгаалалтын бүсэд хоёр блок барилга барьсан, хууль зөрчиж газар олгосон гэж мөн л АТГ шалгаж буй. 20О8 онд анх газар олгох зөвшөөрөл авахдаа “Усан парк” барина хэмээн газрын болон барилгын зөвшөөрөл гаргуулсан ч сүүлдээ орон сууцны хороолол барьж эхэлсэн талаар манай редакц анх мэдээлж байлаа. Өдгөө 25 давхар орон сууцны хотхоны "голын хамгаалалт"-ын бүсэд барьсан хоёр блок барилгыг албадан буулгах Нийслэлийн засаг даргын захирамжийг мөн наймдугаар сарын 31-ний өдөр хүргүүлсэн ч орон сууц захиалсан иргэдийн болон ажилтнуудын эсэргүүцэлтэй тулгарсан. Биднийг очиход тууз татаж битүүмжилсэн, бөгөөд барилгын ажлыг зогсоож, тогийг тасалсан байлаа. Уг барилгыг хэзээ буулгах нь тодорхойгүй. Ямартай ч голын хамгаалалтын бүсэд баригдсан гэдэг нь маргаангүй үнэн. Барилгыг бүтнээр нь буулга гэж албадсан зүйл байхгүй бөгөөд хоёр блок барилгыг нь л буулгах захирамж гаргасан ч холбогдох албан тушаалтан иргэд эсэргүүцсээр байгаа юм.