Пап Францис Монгол хийсэн мөргөлийнхөө үеэр "Хятадын Засгийн газрын католик шашинтнуудад тавьсан шашны хязгаарлалтаа зөөлрүүлэх"-ийг хүсчээ

Пап Францис Монгол хийсэн мөргөлийнхөө үеэр "Хятадын Засгийн газрын католик шашинтнуудад тавьсан шашны хязгаарлалтаа зөөлрүүлэх"-ийг хүсчээ

Ромын Пап лам Франциск өчигдөр буюу есдүгээр сарын 3-ны өдөр, мөргөлийн төгсгөлд Хятадын ард түмнийг эрхэмсэг ард түмэн хэмээн нэрлэж, католик шашинтнуудад тавьсан шашны хязгаарлалтыг зөөлрүүлэхийг Хятадын засгийн газраас хүсчээ.

Өчигдөр үдээс хойш "Степ Арена" цэнгэлдэх хүрээлэнд болсон мөргөлийн төгсгөлд Пап Франциск Хятадын Засгийн газарт хандан "Энэ завшааныг ашиглан эрхэм Хятадын ард түмэнд халуун мэндчилгээ дэвшүүлье. Бүх ард түмэн нь үргэлж урагшилж, хөгжинө байх. Хятадын ард түмэн сайн итгэгчид, сайн иргэд болно гэж найдаж байна" гэжээ. Пап ламын хэлсэн "сайн итгэгч, сайн иргэн" гэсэн хэллэг нь коммунист засгийн газар католик шашинтнуудад илүү их эрх чөлөө олгох нь нийгэм, эдийн засгийн хөгжилд тустай гэж итгүүлэхийн тулд ашигладаг үг хэллэг аж.

Мөн Бээжинд Ватиканы байнгын төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл өгөх талаар Хятадын засгийн газарт хүсэлт тавьсан гэх мэдээлэл байна.

Харин "Ройтерс" агентлагийн мэдээлснээр, Хятад улс гадны нөлөөг арилгах, ард түмнийг коммунист намд дуулгавартай байлгахын тулд шашныг "хорлон устгах" оролдлого хийж байгааг онцолж, Пап ламын хэлсэн үг нь католик шашинтнуудын шашны хязгаарлалтыг зөөлрүүлэхийг уриалж байна гэж тайлбарлажээ. 

Өмнө нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ердөө 1450 орчим католик шашинтай гэгддэг тус улсад Ромын Пап лам айлчилж буй нь Ватикан болон Хятадын харилцааг сайжруулах алхам гэж тайлбарлаж байсан. Мөн Украйнтай дайтаж байгаа ОХУ-аас зайлсхийхийн тулд Хятадын агаарын хилээр дамжин өнгөрөхдөө Ромын Пап лам Ши Жиньпин даргад заншил ёсоор мэнд дэвшүүлж, "Би танд болон Хятадын ард түмэнд мэндчилгээ дэвшүүлж байна. Би танай улсын амар амгалангийн төлөө залбирч байх болно" гэсэн утга бүхий захидал илгээжээ.

Пап лам өчигдөр болсон шашин хоорондын уулзалт дээр хэлсэн үгэндээ Буддын шашны судруудыг дурдаж, бүх шашныг эв найртай амьдрахыг уриалсан бөгөөд "Албадлага, үзэл суртлын хязгаарлалт нь ахан дүүсийн холбоог сүйтгэж, хурцадмал байдлыг нэмэгдүүлж, энх тайванд хор хөнөөл учруулдаг. Иймд шашны итгэл ба хүчирхийлэл, ариун байдал ба дарангуйлал, шашны уламжлал ба шашны бүлэглэл холилдож болохгүй" гэжээ.