ТОДРУУЛГА: Нохдод уруулж буй эмэгтэйд тусламж үзүүлэлгүй орхиж явсан жолооч, нохойн эздийг мөрдөн шалгаж байна

ТОДРУУЛГА: Нохдод уруулж буй эмэгтэйд тусламж үзүүлэлгүй орхиж явсан жолооч, нохойн эздийг мөрдөн шалгаж байна

Цахим сүлжээнд өчигдөр буюу есдүгээр сарын 6-ны өдөр нэгэн иргэн нохдод боорлуулж, уруулж байхад нь хажуугаар нь гарсан автомашинтай иргэн түүнд тусламж үзүүлэхгүй өнгөрч буй бичлэг цацагдаж, олны дургүйцлийг төрүүлсэн.

Тэгвэл эл хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад Өмнөговь аймгийн Даланзадгад сум 6 дугаар багт иргэн Э нь 5-6 нохойд хазуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл 2023 оны есдүгээр сарын 06-ны өдөр бүртгэгдсэн.

Энэ дагуу тухайн үед яаралтай үед тусламж үзүүлэлгүй орхиж явсан гэх Toyota маркийн автомашинтай иргэн “Д”, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан иргэн “Н”, “Б”, “Б” нарыг олж тогтоон, Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйл “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх”, мөн хуулийн 20.15 дугаар зүйл “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах” хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Нутгийн захиргааны байгууллагууд хамтран дахин энэ төрлийн болзошгүй аюул, эрсдлээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг хамтран зохион байгуулж байна" гэлээ.

Иймд иргэд та бүхэн орчиндоо аюул учруулж болзошгүй гэрийн тэжээвэр амьтан, нохойг сул байлгахгүй байх, байнгын уяа, хошуувчтай байлгаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.