Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Их булгийн ам”-нд хиймэл хөв цөөрөм байгуулжээ

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Их булгийн ам”-нд хиймэл хөв цөөрөм байгуулжээ

Аймгийн Засаг даргын А/543 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Их булгийн ам” хэмээх газарт байгуулсан 11745.6 м³ ус бүхий хөв цөөрмийг хүлээж авлаа.

Тус хөв цөөрмийн зураг төсвийг 2022 онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар “Гидро-Фантан” ХХК гүйцэтгэсэн бол бүтээн байгуулах ажлыг 2023 онд “Усны барилга” ХХК гүйцэтгэсэн. Хөв цөөрмийн боомтын урт 83,8 м, өндөр нь 4,23 м, хярын өргөн 4 м бөгөөд мал сүрэг, айл өрхийг ундаалах, байгаль орчны доройтлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Энэ бүс нутагт жилийн нийлбэр хур тунадас 129,5 см байдаг ба хур тунадасны 80 хувь нь дулааны улиралд ордог.  Мөн хөв цөөрмийн дэргэд хаврын шар ус, зуны үерийн усыг нэвтрүүлэх хамгаалалтын сувгийг байгуулсан талаар БОАЖЯ-наас мэдээллээ.