ШУУРХАЙ: Шүүгдэгч Б.Ганхуяг шүүгчээс татгалзлаа

ШУУРХАЙ: Шүүгдэгч Б.Ганхуяг шүүгчээс татгалзлаа

"Нүүрсний" гэх тодотголтой Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2023.09.12/ болж байна.

Тус хурлын үеэр шүүгдэгч Х.Ганхуяг "Өнөөдөр 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Харин эдгээрээс зургаан хүн нь надтай холбоотой гэж байгаа. Гэтэл энэ хүмүүст нэг шанага нүүрсний ч хэрэг байхгүй. Анх 2022 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр намайг цагдан хорьсон. Прокурорын тогтоолд баривчлах болсон шалтгааныг жагсаал цуглаан зохион байгуулсан, турхирсан, санхүүжүүлсэн гэсэн. Нийт есөн сарын хугацаанд надаас нэг ч мэдүүлэг аваагүй. Гэтэл дараа нь нүүрсний хэргийг гаргаж ирсэн. 50-60 нүүрстэй холбоотой хэрэг дээр мэдүүлэг авсан боловч нэг нь ч үлдээгүй. Бүх нүүрсний хэрэг гэдэг зүйл ард үлдсэн. Хаана үлдсэнг нь мэдэхгүй.

Одоо үлдэж байгаа зургаан үйлдэл нь хоёр хүнийг танилцуулж хөрөнгө авсантай холбоотой. Гэхдээ үүнийг нотолж чадаагүй. Хамгийн чухал зүйл бол нийгэмд яваад байгаа нүүрсний хэрэг. УИХ дээр ажлын хэсэг гаргасан нүүрсний ажлын хэсэг. Тэнд байнга нүүрс яриад байгаа хэрнээ энд байгаа 11 хүнтэй нүүрсний тухай нэг ч яриагүй. Өнгөрсөн хугацаанд надтай холбоотой шүүгчийн 19 захирамж гаргасан. Үүний 9-ийг нь Ерөнхий шүүгч н.Халиун гаргасан. Яллагдагчийн эрхийг дордуулсан олон захирамжийг ерөнхий шүүгч гаргаад байна. Өнөөдөр Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас миний хэргийг шалгаж шүүх рүү явуулсан. Би ерөнхий шүүгчийг АТГ-ын шууд даалгавраар ажиллаж байгаа гэж бодож байна. Магадгүй ерөнхий шүүгчийн хэрэг ч АТГ дээр шалгуулж байж магадгүй. Тиймээс би шүүгчээс татгалзаж байна. Хоёрдугаарт, даалгавар байгаа учраас ямар ч үндэслэлгүй захирамжуудаар хорьж байгаа гэж харж байна. Учир нь захирамжууд дээр зайлшгүй саатуулах эрх зүйн зүйл заалтуудыг дурдаагүй" гэлээ.