Т.Аюурсайхан: Би нүүрсний хэрэгт хамаагүй. Харин зарим этгээдүүд энэ хэргээс мултрах вий гэх хардалт байна

Т.Аюурсайхан: Би нүүрсний хэрэгт хамаагүй. Харин зарим этгээдүүд энэ хэргээс мултрах вий гэх хардалт байна

Нүүрсний гэх тодотголтой хэргээр шүүгдэж буй шүүгдэгч Б.Ганхуяг шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан учир урьдчилсан хэлэлцүүлгийг 13:30 цаг хүртэл түр хойшлуулсан. Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Тун удахгүй нөхцөл байдлыг харах байх. Надад хоёр хэргийг холбогдуулсан. Зохион байгуулалттай жагсаалд бусдыг элсүүлсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргээр буруутгаж байгаа.

Нэгдүгээрт, энэ бол санаанд оромгүй, төсөөлөмгүй зүйл. Шинэчлэлийн хороо 2016, 2017 оноос хойш үйл ажиллагаагаа явуулаагүй. Үндсэн хуулиар бол хүн эвлэлдэн нэгдэх эрхтэй. Үндсэн хуулиар хэнийг ч эвлэлдэн нэгдсэний төлөө шалгаж болохгүй. Хэн нэгнийг олон сарын турш хилсээр хэлмэгдүүлж, гүтгэн доромжилж, харлуулж, нэг ёсны эрүү шүүлт хэмээн харж байгаа. Тиймээс өнөөдрийг хүртэл хуулийн дагуу шалгуулж байна.

Хоёрдугаарт, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудалд би удаа дараа тайлбар өгсөн. Нийтийн албан тушаалтан, ялангуяа УИХ-ын гишүүн багахан ч гэсэн эргэлзээ байсан бол шалгуулна хэмээгээд шалгуулаад явж байгаа. Бусдыгаа ч мөн уриалсан. Жижиг гэлтгүй орд газар завшсан, барилга байгууламж эзэмшиж, барьсан гэх мэт асуудлууд байгаа бол нийтээрээ шалгуулж, төрд итгэх олон нийтийн итгэлийг нэмэх хэрэгтэй. Тиймээс надад шүүхээр шүүлгэхдээ эсэргүүцэх зүйл байхгүй. Зөвхөн нүүрсний хэрэг байна уу гэх агуулгаар над дээр шалгалт явуулсан. Өнгөрсөн хугацаанд авлига, албан тушаалын ямарваа нэгэн асуудал Т.Аюурсайхан дээр байна уу гэдгийг хатуу чанга шалгалаа. Ямар нэг зүйл байгаагүй. Байх ч үгүй. Туслахууд маань хаана юу хийсэн гэдгийг 24 цагийн турш хянана гэж байхгүй. Миний ажлын албанд ажиллаж байсан хүмүүс "Эрдэнэс Тавантолгой" компанид ажилд оржээ. Тэр хүмүүсийг хэн яаж томилсон гэдгийг та бүхэн удахгүй харна. Би энэ талаар мэдэхгүй. Би лавшруулж хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны нууц руу орох гээд байна. Тэдний хаана ажиллах нь хуулийн дагуу өөрсдийнх нь эрх. Хүмүүсийн холбогдсон хэргийг бусдад нялзааж болохгүй.

Мөн би Ерөнхийлөгчтэй уулзаагүй удаж байна. Түүнтэй хамгийн сүүлд сайдын албан тушаалтай байхдаа уулзсан. Намынхантайгаа ч уулзаагүй удаж байна. Цахим хэвлэлд яриад буй морины жүчээг бол өөрийн хөрөнгөөр барьсан. Эцэст нь хэлэхэд шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй байлгахыг хүсэж буй шалтгаан нь иргэдэд нүүрсний гэх энэ хэргийг үнэн зөвөөр мэдээсэй гэж хүссэндээ тэр.

Яг одоогийн шүүх хурал дээр ирсэн хэргүүд дунд надтай холбоотой нүүрсний гэх хэрэг байхгүй. Бусад хүмүүсийнхийг мэдэхгүй байна. Намайг бусад хүмүүсийн материалтай танилц гэсэн ч би танилцаагүй. Надад тэдэнтэй холбогдсон асуудал байхгүй.

Түүнчлэн удахгүй нүүрсний сонсгол болох гэж байх шиг байна. Хууль шүүхийн байгууллагууд нь холбогдох газрууд нь үнэн зөвөөр шийдвэрлэх байх. Өнгөрсөн арван сарын хугацаанд зохон байгуулалттайгаар намайг харлуулах гэж буй үйл ажиллагаа, захиалгат мэдээлэл зэрэг нь нүүрсний хэргийг замхруулах гэж байгаа мэт харагдаж байгаа юм. Зарим этгээдүүд энэ хэргээс мултрах вий гэх хардалт байна. Хэвлэл мэдээллийг ямар этгээдүүд гуйвуулж буйг судлах хэрэгтэй. Эзэнгүй хэрэг гэж байхгүй. Нүүрсний сонсголд оролцох хүсэлтээ би гаргана. Оролцоод яагаад есөн сарын турш намайг буруутгаад байгааг би мэдмээр байна" гэв.