Авто зам дагуу байрлуулсан 950 сая төгрөгийн үнэтэй "цагаан хашлага" үнэн хэрэгтээ 250 сая төгрөг болж байна

Авто зам дагуу байрлуулсан 950 сая төгрөгийн үнэтэй "цагаан хашлага" үнэн хэрэгтээ 250 сая төгрөг болж байна

Авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн хурдыг нэмэгдүүлэх ажлыг жил бүр хэрэгжүүлдэг. Ингэхдээ хаалт босгох, цагдаа зогсоох, захирамж гаргах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлж буйн нэг нь нисэх, яармагийн авто зам буюу наадамчдын өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг чөлөөлж, цагаан хашаа босгосон явдал байлаа.

Ингэснээр нийтийн тээврийн хурд нэмэгдэж, иргэд хувийн унаанаас татгалзаж, нийтийн тээврээр зорчих нь ихэссэнээр авто замын түгжрэлийг бууруулна хэмээн үзэж байгаа юм. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээнд жил бүр 420 тэрбумаас доошгүй төгрөг зарцуулдаг. Энэ жилийн хувьд наадамчдын өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажилд тэрбум орчим төгрөг зарцуулжээ.

-ЦАГААН ХАШЛАГА БНХАУ-Д 28 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА-

Тодруулбал, Улаанбаатар хотын Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн хүрээнд 12,700 метр урт нэгдүгээр эгнээг тусгаарлах хашаанд нийт 950 сая гаруй төгрөгийг зарцуулж, "Улаанбаатар зам засвар арчилгааны газар" хийж гүйцэтгэжээ. Нэг хашлага нь 3.5 метрийн урттай тул 3400 орчим хашлага гэсэн үг. Нийт 950 сая төгрөг зарцуулсан бөгөөд нэг тутам нь 279 мянга орчим болж байгаа юм. Тэгвэл энэ хашлагын өртөгт бяцхан тооцоолол хийж үзэцгээе.

Бидний судалж мэдсэнээр энэхүү цагаан хашлага БНХАУ-ын "SHENGSI" тээврийн дэлгүүрт 57 юанийн үнэтэй байх аж.

Үүнд гаалийн татварын үнийг нэмээд ихээр тооцоход 70 мянга орчим төгрөг болж байна. Монгол Улс бол үйлдвэрлэгч орон биш. Мэдээж баттай биш ч энэ мэт хайс, хашлагыг урд хөршөөсөө авдаг байж таарна. Тэгвэл 250-аад сая төгрөгийн зах зээлийн үнэтэй хашлагад хэт их урсгал зардал шингээн 950 саяар хийсэн юм биш биз. Дээр дурдсанчлан Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах төслийн нэгж тус ажлыг хийж хэрэгжүүлсэн.

Тэгвэл энэхүү нэгдүгээр эгнээг чөлөөлж тавьсан цагаан хашлага иргэдийн дургүйцлийг хүргэж, машинаараа мөргөж, эвдсэн байна гэх мэдээлэл чих дэлсэж, иргэд буцаан авахыг шаардаж эхэллээ. Хашлагыг санаатайгаар очиж мөргөн, хувийн өмч хөрөнгөө сүйтгэх хүн үгүй. Хөдөлгөөнийг ямар нэгэн байдлаар хязгаарлаж байгаа учраас л мөргөж байгаа хэрэг. Гэвч энэхүү туршилтын ажлыг цаашид албажуулж, нэгдүгээр эгнээг тусгаарлах ажлыг улам идэвхжүүлж, камержуулж, зорчих хөдөлгөөнд саад учруулсан болон нэгдүгээр эгнээгээр зорчсон авто машинуудад хариуцлага тооцохоо холбогдох албаныхан мэдэгдсэн. Сүүлийн хэдэн жил түгжрэлийг арилгах нэрийдлээр төсвийн мөнгийг зарцуулж байгаа ч шийдвэрлэсэн асуудал, шийдэгдсэн үр дүнгүй өнөөг хүрлээ. Нэгдүгээр эгнээг тусгаарлах ажил ч дорвитой үр дүнгээ өгөлгүй дэмий л иргэдийг стресс, бухимдлыг нэмэгдүүлэх аж.