Хөрсний нуралтад дарагдаж нас барсан 26 настай эрэгтэй шугамын ажил хийхээр хамгаалалтгүй газар доор орсон байжээ

Хөрсний нуралтад дарагдаж нас барсан 26 настай эрэгтэй шугамын ажил хийхээр хамгаалалтгүй газар доор орсон байжээ

Бохирын шугамын хоолойн холболт хийж байсан ажилтан хөрсөний нуралтын улмаас шороонд дарагдаж харамсалтайгаар амь насаа алдсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд бохирын шугамын хоолойн холболт хийж байсан ажилтан Э/26 настай, эрэгтэй/ нь 3 метрийн өргөнтэй 3 метрийн гүнтэй нүхэнд шороонд дарагдаж нас барсан харамсалтай хэрэг өчигдөр 17:14 цагт гарчээ. Улмаар Онцгой байдлын алба хаагчид 30 минут ажиллаж цогцсыг гарган Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Тэгвэл энэ талаар Нийслэлийн аврах ажиллагаа явуулсан алба хаагчид ажиллагааны талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр, “Аврах ангийн алба хаагчдыг ослын газар очиход  1 метр 50 см өргөнтэй, 3 метрийн өргөнтэй шугамын хоолой ухаж байсан ажилчид ямар ч бэхэлгээ, хамгаалах хэрэгсэлгүйгээр газар доорх нүхэнд орж, ажиллах явцдаа дарагдсан байсан. Тухайн үед хөрсний нуралтын улмаас хоёр иргэн дарагдан. Нэг иргэнийг нь ажилчид нь гаргаад эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байсан. Харин нөгөө иргэн нь цээжин хэсгээс доош шороонд дарагдаж, амь нас нь эрсэдсэн байдалтай байсан. Иймд бид 30 минут ажиллаж, цогцсыг гаргасан.

Ажиллагааны явцад тус хэсэг нь нурах эрсдэл өндөртэй ан цав үүссэн нарийхан орчин байсан. Тиймээс бид тулгуур бэхэлгээ хийж, аюулгүй болсны дараа аврах ажиллагааг явуулсан. Амиа алдсан иргэн бүтэн биеэрээ дарагдаж нүүр ам руу нь шороо орсон байсныг ажилчид нь ухаж цээж хэсгийг нь ил гаргасан байсан. Ер нь шугам хоолой ухаж байгаа ажилчид заавал бэхэлгээ хийж өөрсдийн аюулгүй байдлыг ханган ажиллахгүй бол суларсан хэсэг нь нурдаг. Тиймээс нэг метрээс доош нүхэнд заавал бэхэлгээ хийх шаардлагатай” гэлээ.