"Авлига хороолол"-ын хоёр блок барилгыг цахилгаан эрчим хүчинд эргүүлэн холбожээ

"Авлига хороолол"-ын хоёр блок барилгыг цахилгаан эрчим хүчинд эргүүлэн холбожээ

Голын далан, суваг, шуудууг хааж, онцгой хамгаалалтын бүсэд барьсан “Акуа Гарден” буюу иргэдийн хэлж буйгаар “Авлига хороолол”-ын хоёр блок барилгыг албадан нураах нийслэлийн засаг даргын захирамж гарч, барилгын тогийг таслаад байсан юм.

Тэгвэл “Авлига хороолол”-ын барилгын тогийг буцаан өгсөн гэх мэдээлэл гарсан. Бид мэдээллийг тодруулахад авлига хорооллын тогийг бүхэлд нь сэргээгээгүй. Харин зөвхөн голын хамгаалалтын бүсэд баригдсан хоёр блок барилгын тогийг тасалж, хойд талын хоёр блок барилгын тогийг сэргээсэн аж. Энэ талаар нийслэлийн засаг даргын захирамжаар “Цахилгаан эрчим хүчний хэвийн үйл ажиллагаагаар хангах тухай” чиглэл өгчээ.

Тус бичигт, "Нийслэлийн засаг даргын 2023 оны А/1000 дугаар захирамжаар сэлбэ, дунд голын онцгой хамгаалатын бүс, үерийн зурвас газарт “Эм Энд Жи констракшн” ХХК-ийн 2 блок барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, албадан буулгах тухай шийдвэр гарсан.

Тус захирамжийн дагуу нийслэлийн засаг даргын Тамгын газраас 2023 оны “Шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай” албан бичгийн дагуу тус компаний нийт 4 блок барилга угсралтад шаардлагатай цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг бүхэлд нь таслах зохицуулалтыг танай газраас хийсэн байна. Иймд тус компаний явуулсан хүсэлтийн дагуу зурагт заасан Сэлбэ, дунд голын онцгой хамгаалалтын бүс, үерийн зурвас газарт өртөөгүй 2 блок барилга угсралтын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг зохион байгуулж ажиллана уу” гэжээ.