Хүчирхийллийн хохирогч: Аавыг архи уухаас айдаг /ВИДЕО/

Хүчирхийллийн хохирогч: Аавыг архи уухаас айдаг /ВИДЕО/

Насанд хүрээгүй хүн бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон гэх сэтгэл сэрд хийлгэм мэдээ сүүлийн жилүүдэд цөөнгүй гарч, нийгмийг цочирдуулах болсон. Тэгвэл үүний шалтгаан нөхцөл нь юу байна. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

ВИДЕО: 

Хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүдийг ангилж үзвэл бэлгийн хүчирхийлэл, үл хайхрах хүчирхийлэлд өртөх тохиолдол давамгайлдаг гэх тоон мэдээ байна. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байраар өнгөрсөн онд 840 хүүхэд үйлчлүүлсэн бол энэ оны эхний найман сарын байдлаар хүчирхийлэлд өртсөн 0-18 насны 420 хүүхэд үйлчлүүлжээ. Эдгээрийн дийлэнх нь үл хайхрах, бэлгийн хүчирхийллийн хохирогчид. Тэднийг хүчирхийлж буй хүмүүс нь аав, ээж, ах, эгч гээд хамгийн хайртай дотнын гэр бүлийнх хүн байдаг аж. Тиймээс ч аврал эрсэн бяцхан үрс түр хамгаалах байрыг зорьдог байна. 

-БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХДҮҮДИЙН ДИЙЛЭНХ НЬ ХОЙД ЭЦЭГТЭЭ, ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮД ҮЛ ТАНИХ ХҮНД ХҮЧИРХИЙЛҮҮЛСЭН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ИРЖ БАЙНА-

Энэ талаар Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны зохицуулагч Б.Отгонцэцэг "Хүүхдийн эрх нь зөрчигдсөн, өөрөөр хэлбэл бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны болон үл хайхрах хүчирхийлэл гэх мэтчилэн бүхий л төрлийн хүчирхийлэлд өртсөн 0-18 насны хүүхдүүд энэ байранд түр хугацаанд хариу үйлчилгээнд хамрагддаг. Сүүлийн үед нярай хүүхдүүдийг орцонд, зочид буудалд, хөлд орсон бага насны хүүхдийг тоглоомын газар орхиж явах тохиолдол их гарч байна. Түр хамгаалах байранд үйлчилгээ авч байгаа хүүхдүүдийн нөхцөл байдлыг судлаад үзэхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн дийлэнх нь хойд эцэгтээ, өсвөр насны хүүхдүүд үл таних хүнд хүчирхийлүүлсэн нөхцөл байдалтай ирж байна. Мэдээж хойд эцэг болгоныг муу гэж хэлээгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Мөн сэтгэл санааны хүчирхийлэл болон үл хайхрах хүчирхийлэлд хүүхдүүдийн дийлэнх хувь нь өртөж байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэлийн шарх сэтгэлзүйн гэмтлийг насан туршдаа арилгахад маш хэцүү. Насанд хүрэгсэд, асран хамгаалагчдын зүгээс хүүхдийг тийм хүчирхийлэл, эрсдэлд өртүүлэхгүйн тулд маш сайн анхаарч, сонсож, ойлгох хэрэгтэй байна" гэлээ.  

-"НАМАЙГ ТООДОГГҮЙ", "НАМАЙГ ХАЙРЛАДАГГҮЙ ЮМ БАЙНА" ГЭСЭН БОДЛЫНХОО ҮҮДНЭЭС ГЭМТ ҮЙЛДЛИЙН ХОХИРОГЧ БОЛЖ БАЙНА-

Харин Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Амарзаяа "Сүүлийн жилүүдэд хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг нэлээдгүй хувиар нэмэгдэж байна. Үүний дотроос бэлгийн хүчирхийлэл, үл хайхрах хүчирхийлэлд өртөх явдал нэлээд гарч байна. 

Үл хайхрах хүчирхийлэл гэж юуг ойлгох вэ гэхээр эцэг эхчүүд үр хүүхдүүддээ огт анхаарал халамж тавьдаггүй. Энгийн үгээр тайлбарлаж хэлбэл хоол ундтай, хувцастай байлгаж байгаагаа л анхаарал халамж тавьж байна гэж ойлгодог. Гэтэл хүүхдүүд ээж, аавынхаа хайр халамж, анхаарлыг ихээр хүсэх болсон. Харин үүнийг нь хүссэн хэмжээнд нь мэдрүүлж чадахгүй байхаар "Намайг тоодоггүй", "Намайг хайрладаггүй юм байна" гэж боддог. Уг бодлынхоо үүднээс гэмт үйлдлийн хохирогч болох эсвэл гэмт хэрэг үйлдэх тохиолдлууд маш их байна" гэв.

Мөн тэрбээр цагдаагийн байгууллагаас жил бүр, улирал тутамд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд болон холбогдох бүх шатны сургуулийн, сургалтын байгууллагуудаар явж яриа таниулга хийдэг. Гэвч энэ нь хүүхэд бүрт хүрч чадахгүй л бай шиг байна. Тиймээс хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургууль болон сургуулийн насны хүүхдүүдтэй ярилцлага хийж тэдэнд “гэмт хэрэг гэдэг нь юу юм. Бэлгийн хүчирхийлэл гэж яг ямар үйлдлийг хэлдэг. Хүчирхийлэлд өртсөн тохиолдолд чи яг хаана хандах ёстой юм. Хэнтэй уулзах ёстой юм. Энэ талаар хэнд хэлж болох вэ” гэдэг талаар эхний ээлжийн мэдэгдэхүүнийг өгөх шаардлагатай байдаг. Ингэснээр хүүхэд өөрөө хохирч байгаагаа ойлгож эцэг эх, асран хамгаалагчдаа мэдэгдэх тохиолдол маш их байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ сайтар ярилцаж, тэднийг ойлгох тал дээр анхаарах шаардлагатай байна" гэдгийг онцоллоо. 

-БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧ ОХИН: ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ГЭДГЭЭ НАЙЗУУДДАА МЭДЭГДЭХЭЭС АЙДАГ-

Тэгвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн найман настай охин хойд эцгийнхээ хүчирхийлэлд өртдөг талаараа "Аавыгаа архи уухаас хамгийн их айдаг. Хүчирхийлэлд өртсөнөөсөө болоод хичээлдээ явж чадахгүй байгаа. Уг нь өнгөрсөн жил сургуульд орсон ч явж чадаагүй. Энэ жил дахин чөлөө авахаар болсон. Аавдаа хүчирхийлүүлдэг гэдгийг үе тэнгийн найзууд нь мэдэхээс айж эмээдэг" гээд айж буйгаа бидэнд ярьсан юм. Иймээс эцэг, эхчүүдийг бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, тэднийг элдэв төрлийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлж, хэрэв хүчирхийлэлд өртсөн тохиолдолд ангийн багш, цагдаагийн байгууллага, 108 утас зэрэг байгууллагад яаралтай мэдэгдэж, цаашид гарч болох эрсдлээс сэргийлэхийг зөвлөж байна.