“Ган боловсруулах цогцолбор”-ын эхний хэсэг болох шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулна

“Ган боловсруулах цогцолбор”-ын эхний хэсэг болох шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулна

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д “Кью Эс Си” ХХК 2,28 их наяд төгрөгийн хохирол учруулсан хэмээн Ажлын хэсэг тогтоосон. Үүн дээр үйлдвэрийн барилга байгууламж, техник тоног төхөөрөмж, ирээдүйд борлуулалтаас орж ирэх орлого 9434 тонн ган бүтээгдэхүүн, 972,4 тонн төмрийн хүдрийн баяжмал зэргийг концессын гэрээтэй байх үедээ “Кью Эс Си” ХХК Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар банкны зээлийн барьцаанд тавьжээ. Эдгээртэй холбоотой хэрэг үүсгэгдэн хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Кью Эс Си” компанийн тус үйлдвэрт учруулсан хохирлын асуудалд анхаарч ажиллахыг Сангийн сайдад үүрэг болголоо. Түүнчлэн Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь гангийн үйлдвэрлэлийн суурь болох ёстойг онцолж тус үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, улмаар дотоодын зах зээлийн хэрэгцээг хангах хэмжээнд хүргэхэд анхаарч ажиллах, тус компанийн эзэмшилд буй Төмөртэй уурхай болон Хуст-Уулын ордуудыг хяналтдаа авах үүрэг өглөө.

“Эрдэнэс Монгол” нэгдэл “Эрдэнэс” ҮТП байгуулах зөвшөөрлийг өнгөрсөн долдугаар сард Засгийн газраас авсан. Эдгээр үйлдвэр технологийн парк байгуулах ажлын хүрээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн “Ган боловсруулах цогцолбор”-ыг гурван үе шаттай байгуулж, 2027 онд ашиглалтад оруулахаар ажиллаж буйгэж “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт танилцууллаа. Ган бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтийн судалгаагаар 2023 онд жилийн хэрэгцээ 500-600 мянган орчим тонн байгаа бол энэ тоо 2027 онд нэг сая тонн давна гэсэн тооцоололтой байна. Энэ хэрэгцээг хангахын тулд одооноос бэлдэж, “Ган боловсруулах цогцолбор”-ын эхний хэсэг болох Шууд ангижруулсан төмөр (ШАТ)-ийн үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулна. ШАТ үйлдвэрлэл нь ган хайлуулах явцыг нэг шат ахиулж, баяжмалыг нэмүү өртөг шингээн бүтээгдэхүүн болгох үйлдвэр юм. Энэ үйлдвэр нь одоогийн гангийн үйлдвэрийг хүдрийн гаралтай түүхий эд болох шууд ангижруулсан төмрөөр хангах зорилготой бөгөөд жилийн 100 мянган тонн шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Жилд нэг сая тонн ган бэлдэц үйлдвэрлэх хүчин чадалтай “Ган боловсруулах цогцолбор”-оос 500 мянган тонн бэлдэцийг дотоодын хэрэгцээнд ашиглах бөгөөд үлдсэнийг зах зээлд нийлүүлнэ гэж тооцоолж байна.