Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр үргэлжилсэн бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүн байна. 

Маргааш буюу энэ сарын 18-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 20-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 21-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Ирэх долоо хоногийн мягмар гараг буюу энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.