НҮБ-ын Хүний эрхийн чуулганы үеэр Монгол Улс дахь хүний эрхийн зөрчил дээд цэгтээ хүрсэн гэх дүгнэлтийг танилцуулжээ

НҮБ-ын Хүний эрхийн чуулганы үеэр Монгол Улс дахь хүний эрхийн зөрчил дээд цэгтээ хүрсэн гэх дүгнэлтийг танилцуулжээ

Нэгдсэн Үндэсний Байгууллагын хүний эрхийн 54 дүгээр чуулган Женев хотноо болж буй. Энэхүү чуулганы үеэр Монгол Улс дахь хүний эрхийн зөрчил дээд цэгтээ хүрсэн гэх дүгнэлтийг НҮБ-д танилцуулсан байна.

Тодруулбал, НҮБ-ын хүний эрхийн шинжээчид Монгол Улсад 2022 оны аравдугаар сард ирж ажиллан, томоохон дүгнэлтийг гаргаад буцсан байдаг. Энэхүү дүгнэлтэд хүний эрхийн зөрчил дээд цэгтээ хүрсэн бөгөөд УИХ-аас холбогдох хууль, журмыг яаралтай өөрчилж, засах шаардлагатай болсныг өгүүлжээ.

Дүгнэлтдээ Монгол Улс 2020 оны цар тахлын үеэр хүний эрхийг тал бүрээр зөрчсөн. Тухайлбал, цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээ нь хүний үгээ хэлэх, үзэл бодлоо ирэлхийлэх эрхийг ноцтой зөрчсөн. Мөн жагсаал цуглаан хийх эрхийг хязгаарласан нь энэ дүгнэлтийг гаргахад гол нөлөөг үзүүлсэн гэжээ.

Мөн Монгол Улс шүүхийн шийдвэргүйгээр хүнийг дур зоргоор баривчлах, хорих тохиолдол 2020 онд нийт баривчлах ажиллагааны 99.3 хувийг эзэлж байсан бол 2021 онд 98.3 хувьд хүрсэн нь шүүхийн ямар ч шийдвэргүйгээр хийсэн ажил гэж НҮБ-ын хүний эрхийн шинжээчид дүгнэсэн аж.

Тэгвэл Женев хотноо болж буй НҮБ-ын хүний эрхийн багйууллагын зөвлөлийн ээлжит 54 дүгээр чуулганд Монголын талыг төлөөлөн оролцож буй хүний эрхийн үндэсний комиссын гишүүн н.Энхболд байр сууриа илэрхийлэхдээ, "Монголын УИХ болон Засгийн газраас хүний эрхийн олон улсын факт, НҮБ-ын хүний эрхийн зөвлөл болон түүний тусгай процедураас өгсөн зөвлөмж зэрэг олон улсын гэрээ конвенцоор хүлээлгэсэн хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд тулгуурлан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, тогтоомжийг илүү боловсронгуй болгоход түлхүү анхаарч байгаа" гэжээ.

Түүнчлэн ажлын хэсгийн дүгнэлт болон хүний эрхийн зөвлөлийн илтгэлтэй холбогдуулан УИХ-аас хүний эрхийг халдашгүй чөлөөтэй байдлыг хангах, хамгаалах чиглэлээр тодорхой арга хэмжээг авах талаар Засгийн газарт чиглэл өгч, холбогдох хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон аж.