БНСУ-ын хил дээрээ буцаж буй иргэдийн асуудлаар ГХ-ны сайд Б.Батцэцэг яагаад өдийг хүртэл байр сууриа илэрхийлэхгүй байна вэ

БНСУ-ын хил дээрээ буцаж буй иргэдийн асуудлаар ГХ-ны сайд Б.Батцэцэг яагаад өдийг хүртэл байр сууриа илэрхийлэхгүй байна вэ

Сүүлийн үед БНСУ-ын хил дээрээс монгол иргэдийг буцаах тохиолдол их гарч буй. Энэ талаар зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэл мэдээлж холбогдох албаныхныг хариулт өгөхийг шаардаж байгаа юм. 

Учир нь иргэд албан ёсны визээ аваад БНСУ-ыг зорьсон ч хил дээрээс буцааж байгаа юм. Уг асуудалд Консулын газраас тайлбар өгөхдөө "Шалгалтын үйл ажиллагаатай холбогдуулан аяллын зорилго нь тодорхой бус, мөн аяллын визээр өмнө нь орж ирээд визийн хугацаандаа гарсан ч 60-90 хоногийн хугацаанд тус улсад дахин орж ирэх үед нь ажил хийсэн эсэхийг шалгах зорилгоор гадаадын иргэдийг мэдүүлэг авах өрөөнд оруулж, нарийвчилсан байдлаар аяллын зорилгыг тогтоох ажлуудыг хийж байна.
 
БНСУ-д зорчиж буй гадаадын иргэн нь шалган нэвтрүүлэх албаны байцаагчийн асууж буй асуулт, ярилцлагад орохдоо аяллын зорилгоо тодорхой мэдэж байх ёстой бөгөөд буцах онгоцны тасалбар, байрлах газрын талаарх бүрэн мэдээлэлтэй байх /өөрийн улсад тодорхой ажил эрхэлдэг бол ажлын газрын тодорхойлолтоо үзүүлэх нь чухал/ зэрэг материалыг үзүүлэх шаардлагатай. Энэ тохиолдолд шалган нэвтрүүлэх газрын ажилтнууд хил нэвтрэх зөвшөөрөл олгож байгаа аж.  Харин ирсэн зорилгоо илэрхийлж чадахгүй, аяллаа төлөвлөөгүй, очих газар, зочид буудлын хаягаа мэдэхгүй байх, буцах онгоцны тасалбараа сунгаж, 80 хоногийн дараа БНСУ-аас гарсан, энэ хугацаанд хаана, ямар аялал хийснээ тайлбарлаж чадахгүй байх зэрэг нь шалган нэвтрүүлэх газрын ажилтанд итгэл үнэмшил төрүүлэхгүй бөгөөд БНСУ-д нэвтрүүлэхгүй буцаах үндэслэл болж байна" гэсэн. 

Иргэд санхүү болон бусад байдлаар хохирч байхад Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг яагаад өдийг хүртэл байр, сууриа илэрхийлэхгүй байна вэ. БНСУ-ын гаргаж буй шийдвэрийг зөөлрүүлэхэд нөлөөлөх замаар Гадаад харилцааны яамнаас хүсэлт илгээж байгаа юу. Тэнд хоригдсон иргэдийн эрхийг хамгаалахад хэрхэн ажиллаж байгаа вэ зэргээр мэдээлэл өгөхийг олон нийт шаардсаар байна. Харин Засгийн газраас өнөөдрийг хүртэл уг асуудлаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байгаа юм.