Маргааш төв замаар машин явуулахгүй, захууд амарна

Маргааш төв замаар машин явуулахгүй, захууд амарна

Улаанбаатарт маргааш буюу есдүгээр сарын 23-ны Бямба гарагт 07:00-18:00 цагийн автомашингүй өдөр байна.Автомашингүй өдөр нь тээврийн хэрэгслийн хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ болон явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс үүдэлтэй хүн амын дунд стресс бухимдал, цаг алдалт, автомашины дуу чимээг багасгах, агаар, орчны бохирдлыг бууруулах зорилготой.

Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн яам, НЭМГ-ын харьяа болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө, мэдээлэл өгнө. Тухайлбал, ХСҮТ, НЭМҮТ, ЦССҮТ, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, ЭМЖЖ, “ZINT clinic”, “Индранил”, “Удвал имплант”, “Саамреверс” шүдний эмнэлэг ажиллах юм. Эдгээр эрүүл мэндийн байгууллага хүүхдийн үзлэг, чих, хамар, хоолойн эмчийн үзлэг, чихрийн шижингийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчний зөвлөгөө, сүрьеэгийн илрүүлэг, дасгал хөдөлгөөний зөвлөгөө, эрүүл хооллолтын зөвлөмж, мэдээлэл өгнө.

Дараах замуудад автомашин, цахилгаан скүүтэр, суррон, мотоцикл зэргийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана.

  • Жанжин Сүхбаатарын талбай
  • Сөүлийн гудамж
  • Партизаны гудамж
  • Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
  • Төмөрчний гудамж
  • Гэсэр сүмийн уулзвар
  • Самбуугийн гудамж
  • Анкарагийн гудамж
  • Бага тойруу
  • Бээжингийн гудамж
  • Энхтайвны өргөн чөлөө /Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар/
  • Олимпын гудамж
  • Чингисийн өргөн чөлөө Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замууд орно.

Иймд иргэд жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж бусад замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.Энхтайвны өргөн чөлөө /Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам/ хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдах тул Т:2 "5 шар-Ботаник", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлийн троллейбус үйлчилгээ, Ч:29Б “Зүүн дөрвөн зам- Сансар-Вокзал” гэсэн чиглэлүүд түр зогсоно.“Нарантуул”, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр”, “Дүнжингарав”, “Барс”, “Баянзүрх”, “Баянзүрх-2”, “Ханталст” худалдааны төв, “Өгөөмөр” зах, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр ажиллахгүй.