Эмэгтэйчүүдийг худалдаалж, хүчирхийлдэг гэгдэж байсан Сингапур иргэний "зургийг ил болгож, нэр төрд нь халдлаа" хэмээн ЭСЯ-наас нь ХЭҮК-т ханджээ

Эмэгтэйчүүдийг худалдаалж, хүчирхийлдэг гэгдэж байсан Сингапур иргэний "зургийг ил болгож, нэр төрд нь халдлаа" хэмээн ЭСЯ-наас нь ХЭҮК-т ханджээ

Монгол эмэгтэйчүүдийг хууран мэхлэх замаар худалдаалсан байж болзошгүй гэгдэж байсан Сингапур улсын иргэнд холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болж, түүнд анхан шатны шүүхээс оноосон 1.8 жилийн хорих ялыг өөрчилж, 15 сая 400 мянган төгрөгөөр торгох ял оноосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Бүгд найрамдах Сингапур улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас дээрх хэрэгт холбогдсон тус улсын иргэн Лох Сиен Чи гэгчийн зураг ил болсонтой зэрэгтэй холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-т хандсан талаар эх сурвалж мэдээллээ.

Ингэхдээ өөрийн улсын иргэний зураг нь олон нийтийн сүлжээнд ил болсон нь түүний нэр төрд халдаж байгаа хүний эрхийн зөрчил хэмээн хандсан байна. 

Ташрамд өгүүлэхэд, цагдаагийн байгууллагаас “Илрүүлэлт-Оргодол 2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын охид, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Сингапур улсын иргэнийг Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудлаас өнгөрсөн оны есдүгээр сарын 29-ны өдөр /2022.09.29/ дайчлан баривчилсан байдаг.

Энэ талаар  Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Бямбабаяр "64 настай Сингапур Улсын иргэн нь 2013 оноос эхлэн Монгол Улс, Сингапур Улсын хооронд аялал жуулчлалын визээр зорчдог байсан ба Монгол Улсад байх хугацаандаа эмэгтэйчүүдийг зуучлуулж танилцан бэлгийн хүчирхийлэлд оруулах, хувь хүний нууцтай холбоотой дүрс бичлэг, гэрэл зургийг нь авч, хувь хохирогчдыг айлган сүрдүүлдэг, гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож бэлгийн харьцаанд орсон охид, эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгон хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Сингапур Улсын иргэн нь дээрх охид эмэгтэйчүүдийг Монгол Улсаас нэг сарын хугацаатай визгүй зорчдог орнууд болох Турк, Сингапур улс руу гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Хохирогч эмэгтэйчүүд нь 1993-1984 оны эмэгтэйчүүд байгаа" гэж мэдээлж байв.