ШУУРХАЙ: Сингапурын иргэн Л-д оноосон хорих ялыг өөрчилж, 15 саяар торгожээ

ШУУРХАЙ: Сингапурын иргэн Л-д оноосон хорих ялыг өөрчилж, 15 саяар торгожээ

Охид, эмэгтэйчүүдийг худалдаалж, хүчирхийлдэг гэгдэж байсан Сингапурын иргэн Лох Сиен Чи гэгчид анхан шатны шүүхээс оноосон 1 жил 8 сарын хорих ялыг Давж заалдах шатны шүүх өөрчилжээ. 

Тодруулбал,  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Бүгд Найрамдах Сингапур Улсын иргэн Л-ийг “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан” үйлдэлд 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан” гэмт хэрэгт 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоожээ. 

Уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч нар “анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хувийн байдалд дүгнэлт өгөөгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаагүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны есдүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын заримыг хүлээн авч, шүүгдэгч Л-д 15.400.000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилж шийдвэрлэжээ. 

Учир нь анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “жараас дээш насны эрэгтэй хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахгүй” гэснийг зөрчсөн, мөн шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзахгүйгээр шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл болжээ. 




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө