Ирэх долоо хоногт төв болон баруун аймгуудын нутгаар дулаарна

Ирэх долоо хоногт төв болон баруун аймгуудын нутгаар дулаарна

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна. Маргааш буюу энэ сарын 2-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар, энэ сарын 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, энэ сарын 2-нд говь, тал, хээрийн нутгаар, 3-нд говь, талын нутгаар, 5-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +19...+24 градус, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна. Маргааш буюу энэ сарын 2-нд нутгийн хойд хэсгээр, энэ сарын 3, 4-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.