Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "том төслүүдээ хамтран хэрэгжүүлэхээр" маргааш Франц улсыг зорьж магадгүй байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "том төслүүдээ хамтран хэрэгжүүлэхээр" маргааш Франц улсыг зорьж магадгүй байна

Францын Ерөнхийлөгч Э.Макроны урилгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 10-14-нд /2023.10-14/ тус улсад төрийн айлчлал хийж магадгүй байна. Өнгөрөгч тавдугаар сард /2023.05.20/ Э.Макрон манай улсад айлчилсан. Энэ үеэр манай Ерөнхийлөгчийг өөрийн улсад айлчлахыг урьсаны дагуу маргааш ийнхүү айлчлалаа эхлүүлэх бололтой.

Э.Макроны айлчлал нь Францын төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад хийсэн анхны түүхэн айлчлал болсон бол У.Хүрэлсүхийн тухайд манай улсаас Францад айлчилж буй дөрөв дахь Ерөнхийлөгч болж байна. Учир нь Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар өмнө нь Францад айлчилсан билээ. Манай хоёр улсын хооронд айлчлал голдуу нэг талын урсгалтай байсныг Э.Макроны өнгөрсөн тавдугаар сард хийсэн айлчлалаар хоёр талтай болгосон юм. Айлчлал хоёр талаасаа урсгалтай байснаар цаашид харилцаа, хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжих, түншлэлийн түвшинд хүрэх бололцоотой болдог. Энэ утгаараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц Улсад хийх айлчлал өндөр ач холбогдолтой юм.

Э.Макроны айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг харилцан ашигтай хамтран хэрэгжүүлэх болон олон улсын харилцаанд тулгамдсан нийтлэг зарим асуудлаар ярилцсан. Тэгэхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Францад хийх айлчлалаар дээрх асуудлуудыг үргэлжлүүлэн ярилцаж ажил хэрэг болгоход анхаарах болов уу гэсэн хүлээлт байна.

-УРАНЫ ШАР НУНТАГ НИЙЛҮҮЛЭХ ӨРГӨН БОЛОМЖ БИДЭНД БИЙ-

Тодруулбал, дээрх айлчлалаар ногоон эрчим хүч, хөгжлийн томоохон төсөл гэж тодотгосон нь “Франц улс Монголоос цөмийн станцын гол түүхий эд болох ураны шар нунтаг авах” талаар хийсэн хэлэлцээтэй холбоотой. Тэгэхээр уг төслийг хэрэгжүүлэх ажлын  үргэлжлэл ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалаар яригдаж магадгүй юм. Дэлхий дээр нийт ураны 32 хувийг АНУ, 19 хувийг БНХАУ, 15 хувийг Франц улс хэрэглэж тэргүүлдэг. Гэтэл ураны хэрэглээ хамгийн их Франц ураны ордгүй. Иймд ураны хэрэглээгээ Нигер болон ОХУ-аас “баяжуулаагүй уран” авч хангадаг байна. Харин 2021 оны байдлаар Орос, Казахстан, Нигер гэсэн гурван улс нийлээд Европын холбооны 66.94 хувийн ураныг хангаж байжээ. 

Харин өдгөө ОХУ нь Европын орнуудын хоригт орсон тул ураны экспорт нь зогсож, Франц улс ч ураны нийлүүлэлтээ нөхөх өөр оронтой түлшилнэ гэсэн үг. 

Товчхондоо, Франц улс Оросоос авдаг ураны хэрэглээгээ Монголоос нөхөж, манай улсад их хэмжээний орлого оруулахаар А.Макрон айлчилсан юм. Учир нь Франц улс Казахстанаас уран авдаггүй байна.Франц Монголоос уран олборлосон тохиолдолд нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт яригдана. Тэгэхээр бидэнд шар нунтаг нийлүүлж “тоглох” өргөн боломж байна.

Үүнд манай Зөөвч-Овоо хамтарсан төслийн хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг түргэсгэх нь чухал нөлөөлөл үзүүлнэ.  

Тодруулбал, Дорноговь аймгийн Зөөвч-Овоо орд нь Францын “Орано групп(хуучнаар Арева)” болон Монголын "Мон-Атом" компанийн хамтран хэрэгжүүлж байгаа “Бадрах Энержи” компанийн уран олборлох төсөл юм. Зөөвч-Овоо орд нь 54 мянга гаруй тонн ураны баталгаажсан нөөцтэйг дэлхийн цөмийн холбооноос тогтоож, мэдээлж байжээ. Франц улсад одоогоор нийт 56 реактор бүхий 18 атомын цахилгаан станц бий. Энэ тоо ирээдүйд нэмэгдэхийн хэрээр Францын ураны хэрэгцээ маш их болно. Үүгээр ч зогсохгүй шинэ асуудлууд гарч ирж байгаагийн нэг нь ОХУ болон Украины дайн бөгөөд тус дайнаас үүдсэн эрчим хүчний хангамжийн асуудал Францын талд хүнд тусч буй. “Connaissance des Energies” сайтын мэдээллээр Франц Улс одоогийн цөмийн түлшний хэрэгцээгээ хангахын тулд жилд 8000-9000 тонн уран шаардлагатай. Харин энэ тохиолдолд Франц өөрийн гэсэн ураны ордгүй учир импортод түшиглэхээс өөр аргагүй байгаа юм.

-ФРАНЦ УЛСТАЙ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ТЭЛЭХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГЫН ЧУХАЛ СТРАТЕГИ, ЗОРИЛТЫН НЭГ ЮМ-

Франц бол “Их долоогийн нэг” НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд цөмийн зэвсэгтэй орон юм. Э.Макроны айлчлал нь геополитикийн хувьд бидний сонгосон ардчиллын замыг хайрлаж том гүрний дарамтыг аль болох "багасгаж”, Монгол оронд өөр зам, өөр боломж, сонголт байгаа гэдгийг харуулах зорилготой байсан. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц дэхь айлчлал нь манай улсын олон тулгуурт  гадаад бодлогыг тунхаглах, Европын Холбоотой байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Франц Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын улсын гадаад бодлогын чухал стратеги, зорилтуудын нэг гэдгийг илтгэж байна. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалаар 38 сая еврогийн хэлэлцээрт гарын үсэг зурна гэх мэдээлэл бий билээ. Ташрамд дурдахад, 1961 онд Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элсэж, Монгол Улс, Франц Улс 1965 оны дөрөвдүгээр сард дипломат харилцаа тогтоосон. Улмаар 1966 оноос Элчин сайдын яамдаа харилцан нээж эхэлсэн. Үндсэндээ Монгол, Францын харилцаа бол нэгэн жарны том түүх билээ.