Ц.Мөнхцэцэг: Цэцийн шийдвэрт нөлөө орсон гэх хардлага байдаг. Тиймээс шударга гэдгээ харуулах нээлттэй сонсголоос Цэцийн гишүүд айх хэрэггүй

Ц.Мөнхцэцэг: Цэцийн шийдвэрт нөлөө орсон гэх хардлага байдаг. Тиймээс шударга гэдгээ харуулах нээлттэй сонсголоос Цэцийн гишүүд айх хэрэггүй

Үндсэн хуулийн цэцийн тавдугаар дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хүлээж авах боломжгүй гэж үзсэн билээ. Учир нь УИХ-ын гишүүд "Ард түмний мэдэх эрхийг хангах зарчимд суурилж хийж байгаа бүхнийг Үндсэн хуулийн цэц үгүйсгэж байна" хэмээн үзсэн юм. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

ВИДЕО:

-Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц зэрэг байгууллагын  томилгоог нээлттэй сонсгол зохион байгуулж, томилдог явдал нь Үндсэн хууль зөрчиж байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэсэн. Гэтэл тус дүгнэлтийг гишүүд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Та мөн үүнд нэлээд шүүмжлэлтэй хандаж байх шиг байсан?

-Төрийн өндөр дээд албан тушаалтнууд болох Цэцийн гишүүн, Дээд шүүхийн шүүгч, ШЕЗ-ийн гишүүн гэх мэт албан тушаалтнуудыг УИХ-аар шууд томилдог байсан. Энэ нь тухайн албан тушаалд томилогдож байгаа хүн нь ямар чадвартай эсэхийг мэдэх боломжгүй буюу олон нийтэд хаалттай байсан. Харин 2021 онд хуульд өөрчлөлт оруулж, УИХ-аар томилогддог төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг нээлттэй сонсгол хийж томилдог болсон. Энэ нь засгийн эрх ард түмний мэдэлд байна гэх зарчимд нийцэж байсан юм. Харамсалтай нь өнгөрсөн жил иргэн н.Батмөнх гэж хүн үүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж гомдол гаргасан байдаг. Уг гомдлыг Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэх дүгнэлт гаргасныг Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын гишүүд хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийллээ. Учир нь ард түмэн хэнээр удирдуулах, Үндсэн хуулийг ямар хүмүүс манаж буйг мэдэх шаардлагатай гэж үзээд энэ хуульд хориг тавьсан Цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй.

-Одоо тэгэхээр Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцэх болов уу?

-Тийм ээ. Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа хэлэлцэж, энэ асуудлыг эргэж харах байх гэсэн хүлээлттэй байна.

-Сүүлийн үед ҮХЦ-д итгэх олон нийтийн итгэл алдраад байх шиг. Сая орж ирсэн тавдугаар дүгнэлт ч үүнийг бататгах шиг боллоо? 

-Үндсэн хуулийн цэц нь албан тушаалтнуудын гаргаж буй хууль тогтоомж нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянах үүрэгтэй. Гэтэл Цэцийн зарим шийдвэрүүдэд улс төрийн нөлөө орсон байх магадлалтай эсвэл зарим бизнесмен, аж ахуйн нэгжийн эрх ашигт нийцсэн байна гэх шүүмжлэлд өртөх болсон. Мэдээж ард түмэн хардах эрхтэй. Тиймээс Үндсэн хуулийн цэц шударга, Үндсэн хуулийг баримтлан ажиллаж байна гэдгээ олон нийтэд батлан харуулж, ард түмний дунд хүлээн зөвшөөрөгдөх учиртай. Үүний тулд Цэцийн томилгоо нээлттэй байх ёстой юм. Хэн нэгний хүн биш, хэн нэгэн төрийн албан тушаалтан, бүлэглэлийн төлөөлөл биш гэдгээ Цэцийн нээлттэй томилгооны үеэр харуулах учиртай. Тиймээс Цэц хяналт шалгалтын тухай хуулийн энэ шийдвэрээс айх хэрэггүй. Олон улсад ч энэ жишгээр явдаг. 

-Цэцийн маргаан үүсгэсэн хэргүүд нь олон нийтийн анхааралд байдаг. Жишээ нь шүүгчдэд сахилгын шийтгэл оногдуулдаг хуулийн заалт дээр Цэц маргаан үүсгэсэн нь мөн хардлага төрүүлж байна?

-Энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийн хууль тогтоомж болон тодорхой албан тушаалтны шийдвэрийг хянадаг байгууллага. Цэц бол аливаа улс орны үндсэн хуулийн шүүх гэж явдаг. Энэ утгаараа улс төр, эдийн засаг бүх нөлөөллөөс ангид байх ёстой.

-Цэцийг улс төр, эдийн засаг бүх нөлөөллөөс ангид байх ёстой гэлээ. Гэтэл Цэцийн гишүүд ямар нэгэн нөлөөлөлд автаж, маргаан үүсгэж, шийдвэр гаргадаг гэх хардлага үргэлж байдаг шүү дээ?

-Олон нийтийн болон тодорхой улс төрийн намуудын хүрээнд тийм хардлага байдаг. Тиймээс ийм хардлага төрүүлж, маргаан үүсгэхгүйн тулд Цэцийн гишүүд өндөр чадвар, чадамжтай, ёс зүйтэй, зөвхөн хуульд захирагддаг хүмүүсээс бүрдэх ёстой. Тиймээс ч Үндсэн хуулийн Цэц Их суудлын хурлаар дээрх хуулийн заалтуудыг эргэн харах байх гэж найдаж байна.

-ҮХЦ-ийн дарга болон зарим гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусаад нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Гэвч дараагийн гишүүнийг өнөөдрийг хүртэл томилохгүй байгааг та юу гэж харж байна вэ?

-Үндсэн хуульд зааснаар цэцийн гишүүнийг Ерөнхийлөгч, Улсын Дээд шүүх, УИХ-д нэр дэвшүүлдэг. Мэдээж тухайн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дууссан тохиолдолд аль болох яаралтай дараагийн нэр дэвшигчийг оруулж ирж томилох ёстой. Гэтэл хуулийн хугацаа өнгөрөөд байхад дараагийн гишүүнийг томилохгүй хүлээгдээд байна. Тиймээс ч үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа. 

-Үндсэн хуулийн цэцийн тухайн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан. Таны хувьд уг хуулийн төсөлд ямар заалт оруулах саналтай байдаг вэ?

-Нэгдүгээр, Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхийг өндөрсгөж, хүний эрхийн суурь зөрчлүүдийг хянах боломжтой болгох ёстой гэж үздэг. Хоёрдугаарт, гишүүдийн томилгоог нэг удаа томилохдоо есөн жил юм уу хугацааг нь уртасгах ёстой гэдэг байр суурьтай байдаг. Учир нь энэ байгууллага, гишүүд нь хараат бус байх ёстой. ҮХЦ-ийн эрх зүйн шинэчлэлийг дараагийн парламентаар хийх бол үүнийг анхаарах ёстой.